images

Баянхонгор: Дулааны станц ирэх онд ашиглалтад орно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-12-01


   Баянхонгор аймагт өнгөрсөн оны тавдугаар сараас дулааны цахилгаан станц баригдаж эхэлжээ. Энэхүү байгууламж нь байгальд ээлтэй технологи буюу станцаас гарсан утааг 99 хувь шатаах, хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай гэнэ. Тэгвэл Монгол, Өмнөд Солонгосын инженерүүдийн хамтран барьж буй уг бүтээн байгуулалт одоогоор 90 хувьтай үргэлжилж байгааг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Энэ онд станцын зуухны угсралтыг эхлүүлсэн бөгөөд дулаан дамжуулах төв, станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээ суурилуулах ажлыг хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаад байгаа аж. Энэ барилгын ажил 26 сар үргэлжилж 2024 оны зургаадугаар сард халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөх юм. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр манай улсад Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг 10 аймгийн төвд дулааны станц барих, өргөтгөх төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Баянхонгор аймаг юм.

   Төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээлж буйгаар, Баянхонгор аймагт дулааны станц ашиглалтад орсноор аймгийн төвийн 247 аж ахуй нэгж, төсөвт байгууллага, 238 нийтийн болон амины орон сууцыг дулаан болон хэрэгцээний халуун усаар хангах юм байна. Мөн дулааны эх үүсвэрийн зуух нь бүрэн автомат удирдлагатай, хамгийн бага илчлэгтэй, түүхий нүүрсийг бүрэн шатаах чадамжтай, нүүрсний хэрэглээг 30 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувиар бууруулж, утаанд агуулагдах хүхрийн хэмжээг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.