images

Дөрвөн оюутны маргасан түүх

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-11-14


Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 1965 онд бичсэн нэгэн өгүүллэгийг Монгол бахархлын өдөрт зориулан нийтэлж байна. Чингис хаан хийгээд Монголын мандан бадарсан түүхийг ярьж хэлэлцэх нь хориотой, энэ сэдвийг зөвхөн харийн бодлогоор хүчлэн тулгасны дагуу үзэж дүгнэх ёстой байсан тэр үед чухам үнэн юу болохыг их эрдэмтэн бээр ардын унших зохиолд уран нарийн аргаар шингээн үзүүлсэн нь өнөө, хойч үеийнхэнд сонирхолтой бөгөөд сургамжтай юм хэмээн үзлээ. Үг үсгийг бичих тэр үеийн зарим онцлогийг хэвээр үлдээв.        

   Улаанбаатарын ойрх нэг амралтын газар өглөөний хоолны дараа бид хэдэн амрагчид гадаа салхинд гарч намрын налгар шар наранд биеэ ээгээд хагд дээр хэвтэж байлаа. Хатсан агь гангын үнэр хамар руу цоргиж тун аятайхан байв. Алтайгаас биеэ эмнүүлэх гэж ирсэн өвгөн Наянтай ганга өвсийг зулгааж үнэрлээд хэлсэн нь:

- Агь гангын үнэрийг нэг үнэртсэн хүн салж чадахгүй, хэрэв салах юм бол бүх насаараа мөрөөдөх болно гэв. Би өвгөний үгийг дэмжиж:

- Нээрэн тийм. Ер нь агь гангыг цаасанд боогоод өвөртөлж явбал сайхан үнэр ханхлаад аятайхан байх шүү гэсэнд залуу усан техникч Дорж:

- Тэгж өвөртөө хог новш чихэж явснаас үнэртэй ус биедээ сүрчээд явбал дээр байх гээд янжуураа сорж байна. Үүнд Наянтай гуай жаахан дургүйцэж хэллээ:

- Агь гангын үнэрийг үнэртэж өссөн жинхэнэ хөдөөгийн монгол хүнд бол агь гангын үнэр, ямар ч үнэртэй уснаас илүү сайхан даа гээд жишүү харав. Тэр хоёрын үгийг зохицуулах санаатай би хэллээ:

- Үнэртэй усыг ч цэцэг навчаар хийдэг байх. Үнэртэй ус, ганга өвс хоёр бол хуурай нойтны ялгаатайгаас биш, чанартаа нэг юм байгаа байх. Тэгэхээр тэр нь дээр, энэ нь дээр гэж маргах үндсээр бага юм даа гэсэнд Дорж инээмсэглэж хэлэв:

- Үнэртэй усыг ганга өвснөөс дээр гэж би маргах гэсэн юм биш, маргах ч үгүй. Юу сайхан бэ, дур сайхан. Тэр ч байтугай, намайг жинхэнэ монгол хүн биш гэж хэлсэн ч би маргахгүй, гомдохгүй. Би өөрөө ямар хүн болохоо сайн мэддэггүй юм гэв. Түүний нүүрийг харвал хар нүдтэй, хар үстэй, өргөн хацартай жинхэнэ монгол хүн шиг харагдлаа. Зүгээр яриа өдөхийн тул би хэллээ:

- Таныг жинхэнэ монгол хүн биш гэж эргэлзэх санаа бидэнд үгүй байна гэсэнд Дорж:

- Би өөрөө жаахан эргэлзээд байдаг юм... Энэ бол түүхтэй хэрэг гэв. Бид хийх ажилгүй зүгээр амран хэвтэж байгаа тул үгэнд дурлаж: “Та тэр түүхээ ярьж өгөөч” гэж гуйв. Тэгээд Доржийн ярьсан нь:

- Би саяхан Зөвлөлтийн Дунд Азиас нэг захидал авлаа. Тэр захидлыг миний нөхөр үзбек Юсүпов бичсэн байна. “Монгол Юсүповоос, үзбек Доржийн амрыг эрье?” гээд тэр захидалд бичсэн байна. Тэгж бичсэн нь бас учир шалтгаантай юм. Юсүпов бид нар нэг удаа маргаж, бараг хэрэлдсэн юм. Түүнээс хойш бид их найз болж одоо хүртэл захидал бичгээр үргэлж харилцсаар байдаг. Тэр жил Үлэмж бид хоёр Зөвлөлтийн Дунд Азид, Үзбекистанд усны аж ахуйн сургуульд сурч байлаа. Үлэмж маань одоо сангийн аж ахуйд ажиллаж байгаа, суваг татах мэргэжилтэй хүн юм. Монхор хамартай өндөр шар залуу бий дээ. Манай сургуульд зөвхөн ном бичиг заагаад онолдоод зогсохгүй, заасан хичээлээ заавал туршлага дээр үзүүлж ажиллуулж сургадаг байсан. Усны аж ахуйг туршлага дээр үзүүлэхэд Үзбекистанд баялаг бололцоотой юм. Үзбекистан бол хуурай цөлийг усан сувгаар торлож жимсний цэцэрлэг, хөвөнгийн талбай болгосон орон юм. Үлэмж бид хоёрын ажилд бага сага амжилт байгаа бол манай багш нарын ач, Зөвлөлтийн хүмүүс, ялангуяа үзбек нөхдийн ач юм. Тэнд байхдаа Үлэмж бид хоёр нэг зуны амралтаар Сыр-Даръя мөрний хөвөөнд амралтын байшин барих ажилд оролцож байлаа. Нэг өдөр ажлаа дуусгаад гэртээ харихаар явж байтал мөн барилга дээр ажиллаж байгаа хоёр үзбек оюутан бидэнтэй нийлж дөрвүүл хамт явж байлаа. Тэдний нэг нь өргөн хацартай, онигор хар нүдтэй монголжуу царайтай Юсүпов гэдэг залуу байна. Нөгөө нь гонзгой нүүртэй,  хүрэн царайтай Ахметов гэдэг оюутан байна. Биднийг явж байхад өдрийн халуун жаахан буурч нэг талаас цэцэг жимсний үнэр ханхалж, нөгөө талаас хуурай талын сэвшээ салхи үлээж байлаа. Замдаа бид модны сүүдэрт түр амран сууж тамхи татаж, цүнхнээсээ жимсний ус гаргаад ууж байв. Юсүпов нөхөр маань их яриа хөөрөө хүн, үргэлж бидэнд юм ярьж үзбек орон нутаг, хүн ардаа магтан ярьж явлаа. Тэр яриагаа үргэлжлүүлэн хэлсэн нь:

- Одоо шинэ цаг болжээ. Олон үндэс угсаатан найрамдан хөдөлмөрлөх цаг болжээ. Урьд манай үзбек орныг дээрэмдэн сүйтгэж явсан Чингис хааны ач үрс та нар одоо манай бүтээн байгуулах ажилд оролцож байна. Энэ бол шинэ цагийн их найрамдлын бэлгэ тэмдэг юм даа гээд тамхиа татаж, хар тоорцгоороо нүүрээ сэвж байв. Юсүповын энэ үгэнд буруу юмгүй, гомдмоор зүйлгүй боловч манай Үлэмжийн шарыг жаахан хөдөлгөв бололтой. Үлэмж нэлээд шартай, хэлэмгий, овоо мэдлэгтэй хүн юм. Би Үлэмжийг харсан чинь, тэр том нүдээ анийлгаж байна. Тэгэхлээрээ тэр гашуун үг хэлдэг зантай юм. “Ямар гашуун үг хэлдэг бол” гэж бодтол тэр ингэж хэлдэг байна:

- Нээрээ шинэ цаг, найрамдлын цаг болжээ. Урьд танай доголон Төмөр хаан Энэтхэг орныг тонож дээрэмдээд хүний толгойгоор овоо босгож явсан юм гэдэг. Одоо Зөвлөлтийн хүмүүс Энэтхэг орны бүтээн босгох ажилд их тусалж байна. Энэ бол шинэ цагийн их найрамдлын бэлгэ тэмдэг юм даа гээд жимсний усыг балгаж:

- Танай үзбек инженерүүд Энэтхэгт байгаа биз дээ? гэв. Энэ үг Юсүповыг өргөс хатгав бололтой, царай нь хувирав. Үзбек оюутан Ахметов, ямар нэгэн аягүй яриа гарахаас болгоомжилж хэлэв:

- Нөхөд минь! Бид Чингис хаан, Төмөр хааны тухай яриад яах вэ? Би хувьдаа хаад ноёдын намтраас илүү чихэр жимсэнд дуртай гээд өврөөсөө хэдэн чихэр гаргаж бидэнд өглөө. Юсүпов:

- Би чихэр идэхгүй гээд, Үлэмжид гартахгүйн тул хэлэв:

- Төмөр хаан Самарканд хотыг шинэтгэж байгуулсан юм. Төмөр хааны ач Үлүкбек гэж эрдэмтэй хүн байсан. Тэр одон орныг шинжлэх оргил байгуулсан. Чингис хаан ба түүний ач үрс эвдэж сүйтгэснээс өөр, байгуулж босгосон юм юу байдаг билээ дээ? гэж егөөдөж асуув. Үүнд Үлэмж бас гартахгүй хэлэв:

- Чингисийн хүү Өгөөдэй хаан, Монголын нийслэл Хар хорин хотыг байгуулсан. Тэр жаран дөрвөн баганатай том ордыг байгуулсан юм. Үүнийг Зөвлөлтийн эрдэмтэн Киселев малтаж судалсан зүйл бий. Чингисийн ач хүү Хубилай хаан эрдэмтэй хүн байсан гэдэг. Хубилай хаан Бээжинд одон орныг судлах оргилыг байгуулсан гэв. Тэр хоёрын яриа, маргааны замд орлоо. Ахметов намайг гуйсан байдалтай харж байна. Би тэр хоёрыг эвлэрүүлэх санаатай хэлэв:

- Аль олон зуун жилийн урьд үхсэн баларсан хаад ноёдын явдал бидэнд ямар хамаа байх вэ! Тэдний эвдсэн бусниулсан юмыг бид сэлбэж тооцоо бодож байгаа биш. Зөвлөлтийн хүмүүс ариун сэтгэлээр монгол ах дүү нартаа тусалж байдгийн адилаар бид энд үзбек ах дүү нартаа бага ч гэсэн чадах чинээгээрээ тусалж байшин барилцаж байна, нөхөд минь! гэсэн чинь, Юсүпов миний үгнээс “Тооцоо бодох” гэдэг үгийг өлгөж аваад уурлав. Би ч жаахан эвгүй үг хэлчихсэн бололтой юм, сүүлд нь бодоход. Тэр үедээ зөв үг л хэлсэн шиг бодогдож байлаа. Юсүповын хэлсэн нь:

- Би тооцоо бодож байна гэж хэлээгүй шүү. Та хүний үгийг битгий мушгиарай! Ер нь тооцоо бодох юм болбол Чингисийн эвдсэн сүйтгэсэн зүйлийг та хоёр мянган жил хийсэн ч нөхөж гүйцэхгүй гэлээ. Маргааныг зогсоох гэсэн би тэгээд аргагүй маргаанд оролцмоор боллоо. “Одоо яах билээ?” гэж бодтол Үлэмж маань ярьж байна:

- Тооцоо бодох гэдэг овог төрлийн үеийн хамгийн хоцрогдсон зүйл шүү. Одоо социализм, коммунизмын үед тийм үгийг сонсоход чих халууцах шиг болох юм гэлээ. Юсүпов хэллээ:

- Тооцооны тухай Дорж эхэлсэн болохоос биш, би эхэлж яриагүй. Тэр муухай үгийг ярихаа больё. Ер нь Үлэмж чи тэргүүний үзэлтэй залуу оюутан хүн байгаад Чингисийн дээрмийн дайныг хамгаалах хэрэг байна уу? Чингисийн цэрэг соёлжсон Дунд Азийг баллаж сүйтгэсэн үнэн баримтыг би ярьснаас өөр, худал юм яриагүй шүү гээд хайрт хар тоорцгоо бүр нухчиж байна. Үлэмж жимсний усны шилийг шүүрч авахад нь би зодолдох бий гэж айгаад шилийг шүүрч авлаа. Үлэмж хэлж байна:

- Юсүпов чи тийм тэргүүний үзэлтэй хүн юм бол яагаад олон зуун жилийн өмнө үйлдсэн хаад ноёдын явдлыг Монголын хөдөлмөрчин ардын хүүхэд бидэнд тохоод зэмлэж байгаа юм бэ? Ер нь танай тэр уг удам чинь тийм соёлжсон улс байсан юм бол хоцрогдсон Монголын зэрлэг цэргийг хөөчихгүй, хядчихгүй яасан юм? Гэхэд Юсүпов гараа салгануулаад хэлж байна:

- Манай үзбекүүд эртнээс эвдэн бусниулах үйлст дургүй, бүтээн босгох энх тайвны хөдөлмөрт дуртай байсан учраас дайнд сайн бэлтгэж амжаагүй байжээ гэв. Ахметов энэ үед босоод Юсүпов, Үлэмж хоёрын хооронд орж суув. Тэр хоёрыг зодолдохоос болгоомжилж байх бололтой. Тэгээд тэр:

- Болиоч, болиоч! Нөхөд минь! гээд гуйж байна. Үлэмж маргаанаа зогсоохгүй, хариулан хэлж байна:

- Аа тийм үү? Хөөрхий! Арван есдүгээр зууны үед Синьзянд хоохой цагаан малгайтны бослого болсон юм. Хоохой цагаан малгайтан гэдэг чинь танай үзбек чантуу нарын нэр шүү дээ. Тэр хоохой нар Монголд ирээд дээрэм хийж, хот балгас, сүм хийдийг эвдэж хүн амьтныг алж хядаж явсан. Тэдний тэр дээрэм хядлагыг манай Монголын эмгэд өвгөд тодорхой ярьдаг юм. Манай нутагт хүүхдийг дүрсгүйтээд байвал “Хоохой ирлээ”, “Чоно ирлээ” гэж айлгадаг юм гэв. Юсүпов огло үсрэн босоод:

- Пөөх паах! гэж гараа Үлэмж өөд зангаж байгаад хэлэв:

- Чингис хааны дайн бол булаан дээрэмдэх дайн! Синьзяны бослого бол эрх чөлөөний дайн! Энэ хоёрын ялгааг мэдэхгүй байна гэж үү? Дайны тухай ярихдаа ямар дайн бэ? Ямар ахуй нөхцөлд яагаад гарсан ямар зорилготой дайн бэ? Үүнийг урьдаар тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүй бол дайн бүрийг адилтгаж хярамцаг болгоно гэв. Үлэмж маань:

- Аа тийм гээд босоод ирлээ. Бид цөм бослоо. Маргаан маань хэрүүл болох тийшээ хандлаа. Ахметов бид хоёр, хэрүүлийг намжаахыг чармайж байлаа. Үлэмж маань ханцуйгаа шамлаад хэлж байна:

- Дайныг яагаад ямар шалтгаанаас гарав гэж тодорхойлно гэдэг чинь зөв үг дээ. Чингис хаан Монгол оронд бол Монголын олон аймаг угсааг нэгтгэж нэг улс болгох гэж дайн хийсэн юм. Чингис хаан Дунд Азид дайн хийж ирсэн шалтгаан нь Чингис хааны элч Ухнаа нарыг Хорезмын хааны тушаалаар хядаж дээрэмдсэн учраас түүний хариуг авах гэж байлдаж ирсэн юм. Чингисийн элчийг алаагүй бол Чингис хаан Дунд Азид ирэхгүй байсан байх гэв. Юсүпов нүдээ бүлтийлгээд хашхирч байна:

- Тэр чинь Чингисийн дайны үндсэн шалтгаан биш, хуурамч шалтаг юм. Үндсэн шалтгаан нь бол Чингис хааны, Дунд Азийг дээрэмдэх шунал юм. Ухнаа нарыг аллаа гэдгээр шалтаг хийж дээрмийн дайнаа хийсэн юм. Чингисийн дайныг хэчнээн ч хамгаалсан, Дунд Азийн хот балгасыг үнсэн товрог болгож хүн ардыг хядаад, үйлдвэрлэх хүчнийг эвдэж Дунд Азийн цаашдын хөгжлийг олон зуун жилээр саатуулсан харгис талыг яагаад ч булж чадахгүй гэхэд Үлэмж бас хашхирч хэлэв:

- Үүнд хоёр учир бий. Нэг бол Чингис хаан Дунд Азийн хот балгасыг эвдэж, хүн ардыг хядсан нь үнэн. Гэвч энэ явдлыг Чингис хаанаас айж зугтсан түүхчид бичсэн учраас хэтрүүлсэн зүйл байлтай. Чингис хаан нэг хотыг баллаж сүйтгээд оргүй болгосон гэдэг. Дараа нь хэдэн жилийн дараа мөн хотыг дахин эвдэж оргүй болголоо гэж тэр цагийн түүхчид бичсэн юм гэнэ билээ. Нэгэнтээ оргүй болгосон хотыг дахиад яаж оргүй болгодог юм? Ортой үлдсэн учраас дахин довтолсон хэрэг байгаа биз. Бас алсан хүнийг тооцоолон бодоход Монголын нэг цэрэг өдөр бүр хэдэн зуугаад, мянгаад хүнийг алж явсан юм шиг үнэмших аргагүй тоо гардаг юм гэнэ билээ. Дунд Азийн хүмүүс тийм хониноос номхон арчаагүй амьтад байгаагүй биз дээ. Муусайн жоомыг ч алах гэхэд зугтаадаг юм байх ч билээ. Хоёрт бол Чингисийн дайнд харгис тал байлаа ч гэсэн дэвшилттэй тал бий. Тал бүрээс нь авч үзэх хэрэгтэй. Феодализмын ялзармал шатанд шилжиж хэсэг бусаг болон хуваагдаж, харилцаа холбоогүй, түгжигдмэл байдалтай, төвлөрсөн захиргаагүй, ийм түүхийн балчигт шигдсэн орнуудын хаад ноёдыг Чингис хаан бут ниргэж хил хязгаарын түгжээг хэмх цохиод нэгэн их гүрэн болгож нийлүүлсэн. Ингэж дорно өрнийн харьцааны уудам замыг нээж өгсөн юм. Чингис хаан цэргийн ухааныг урагш дэвшүүлж гавшгай морин цэргийг байгуулаад түүгээрээ уян хатан байлдааныг хийж, хуяг дуулгандаа дарагдсан яст мэлхий шиг хөдөлж ядсан Дунд Азийн цэргийг амархан бут цохиж байсан. Тэр цагийн байлдааны тэргүүний ухаанаар удирдуулсан, тэргүүний зэвсгийг хэрэглэсэн Монголын цэрэг, жолоогоо хандуулсан газар бүр ялалтыг байгуулж их салхи хуурай хагд өвсийг хийсгэхтэй адил... гээд ярьж байхад би түүний үгийг тасалж хэллээ:

- Хөөе, Үлэмж минь, болиоч! Чиний энэ их номлолыг сонсох шавь алга байна. За хэрэлдэхээ болиоч, нөхөд минь! гэж гуйв. Ахметов бас Юсүповын гараас барьж гуйв:

- Юсүпов минь, чи ч бас болиоч! Ах дүү орны оюутан ингэж хэрэлдэж байх гэж, яасан муухай юм бэ гэж байна. Гэвч Юсүпов, Үлэмж хоёр маргалдсаар байв. Юсүпов хашхирч байна:

- Чингисийн харгис дайны магтаалч минь! Чи сонсож бай! Арабын соёлын төв Багдад хотыг их номын сантай нь шатаасан бузар түүхийг чи бас магтах уу?

- Үгүй, магтахгүй. Харин Багдад хотод очсон цэргийн ихэнх нь карлукууд, тюркүүд, үзбекийн уг удмууд байсан юм гэдэг. Зөвхөн дарга нар нь монгол байсан гэдэг. Тэгэхлээр Багдадыг монголчууд, үзбекүүд хамтарч шатаасан байх гэв.

- Тэр худал! Тюркууд харин олзлогдож явсан байж магадгүй.

- Анх олзлогдоод сүүлд нь баатар гавьяа байгуулаа биз гэв. Тэр хоёрын маргааныг зогсоох гэж Ахметов бид хоёр оролдсоор байгаад сүүлдээ маргаанд аргагүй хамрагдаж Юсүпов, Үлэмж хоёроос илүүгээр бид хоёр хашхиралдаж байлаа. Бид дөрвийг ингэж шуугилдаж байхад нэг хүн бүдүүн дуугаар биднийг зандрав. Бид тэр хүний ирэхийг мэдсэнгүй. Харсан чинь, оюутан биднийг захирч ажил хийлгэж яваа өндөр биетэй, ширвээ сахалтай Магометов багш ирээд бидний дэргэд зогсож байна. Түүхийн эрдэмтэн хүн юм гэнэ билээ. Магометов:

- Та нар яаж байгаа юм? Хэрэлдэхээ больцгоо гэж ширүүн хэлэв. Бид ширвээтэж дуугүй болцгоов. Бидний маргалдсан учрыг асуусанд бид маргааныхаа бүдүүн тоймыг хэлж өгөв. Гэвч бие биеэ яаж дайрч давшилснаа арай ч бүрэн хэлсэнгүй. Бидний үгийг сонсоод Магометов багш бид дөрвийг буруушааж зэмлэв.

- Социалист орны залуучууд жинхэнэ сайхан нөхөрлөж, жинхэнэ сайхан найрамдаж явах хэрэгтэй гэж сургав. Бид бие биеэ харцгааж баахан гэмшсэн байдалтай зогсоцгоож байв. Тэгээд хэдүүл хамт алхав. Би битүүхэн Юсүповыг харсан чинь, тэр нүдээ ирмээд инээмсэглэж байна. Бидний уур унтуу өнгөрчээ. Магометов жаахан явж байгаад асуув:

- Юсүпов чи ямар үндэстэн бэ? гэхэд Юсүпов гайхаж:

- Үзбек гэв.

- Жинхэнэ үзбек үү? гэхэд тэр:

- Жинхэнэ үзбек гэж хариулав.

- Ахметов чи ямар үндэстэн бэ? гэж асуухад тэр:

- Үзбек гэж хариулав.

- Жинхэнэ үзбек үү? гэхэд

- Жинхэнэ үзбек гэв. Магометов багш түүнийг сонсоод хэлэв:

- Би ч бас жинхэнэ үзбек хүн дээ. Гэвч миний судсаар аль угсааны ямар цус урсаж байгааг яаж мэдэх вэ! Мэдэх ч хэрэг байхгүй. Долоодугаар, наймдугаар зууны үед арабчууд Дунд Азийг байлдан эзэлж хүн ардыг хядаж, үлдсэн хүмүүсийг лалын шашинд оруулах зорилгоор хуучин соёлын өв ном судрыг цөм шатаасан юм. Тэгээд тэр арабчууд Дунд Азид суурьшин сууж нутгийн хүмүүстэй хольцолдож шингэсэн юм. Би тэр арабчуудын ач үр ч байж магадгүй, тийм ч байлаа гэсэн, түүнд гэмших явдалгүй. Дэлхий дээр цусны талаар авч үзвэл ёстой цэвэр үндэстэн гэж ердөө байдаггүй юм. Түүхийн урт удаан хугацаанд үндэстэн угсаатан бүр, хоорондоо заавал хольцолдсон байдаг гэхэд бид толгой дохиод дуугүй л сонсож байлаа. Магометов багш жаахан бодож байгаад зогтусаж зогсоод асуув:

- Юсүпов, чиний овог хэн билээ? гэхэд:

- Хонгират (кункират) гэж хариулав.

- Ахметов, чиний овог хэн билээ? гэхэд:

- Барлус гэж хариулав.

- Магометов багш “Ха ха” гэж инээв.

- Чиний овог хэн бэ? гэж надаас асуухад би овгоо сайн мэдэхгүй тул,

- Сартуул хошууны хүн гэж хариулав.

- Чиний овог хэн бэ? гэж Үлэмжээс асуухад тэр:

- Харлаг гэж хариулав.

Үүнийг сонсоод Магометов багш биднийг гараараа занган зааж:

- Хонгират, барлус, сартуул, харлаг гэж хэлээд:

- Ха ха гээд бүр их инээв. Инээснээс болж нулимс нь гарч байна. Бид учрыг мэдэхгүй боловч бас багшийгаа дуурайн инээмсэглэж байлаа. Магометов багш инээсэн учраа тайлбарлаж ярьсан нь:

- Хонгират, барлус хоёул эртний монгол овогтон шүү. Чингисийн байлдан дагуулсан цэргийн дотор Монголын хонгират, барлус, мангууд нар олон байсан. Дунд Азийг байлдан дагуулсны дараа тэд нар Дунд Азийн олон аймгийн ноёд болж суусан юм. Юсүпов, Ахметов та хоёул Монголын байлдан дагуулагч хонгират барлус нарын ач үр байна шүү. Тэгэхлээр “Манай үзбекийг байлдан дагуулсан” гэж энэ хоёр монгол оюутныг дайран зэмлэх ямар ч үндэс байхгүй. Байлдан дагуулагчдыг хараах хэрэгтэй. Харлаг буюу сартуул бол Дунд Азийн суурьшсан хот балгадын хүмүүсийн нэр юм. Энэ үг манай үзбек тюрк хэлнээс Монголд нэвтрээд Дунд Азийн хүмүүсийн нэр болсон гэдэг. Энэ тухай Зөвлөлтийн их эрдэмтэн Бартольд тусгай өгүүлэл бичсэн зүйл бий. Монголын харлаг овогтон бол манай үзбекийн уг удам болох карлук овогтны төрөл байх. Чингис хаан Дунд Азийг байлдан эзлээд энэ нутгийн уран дархан хүмүүсийг олноор олзлон авч монгол нутагт аваачиж уран дархны ажлыг хийлгэж байсан түүхтэй. Энэ хоёр монгол бол урьдын Монголд олзлогдон очсон Дунд Азийн сартуул карлук уран дархчуудын ач үрс байж болно. Тэгэхээр та нарын хэрүүл маргаан ямар дэмий юм болсныг ойлгож байгаа биз. Дунд Азийг байлдан дагуулсан Чингисийн монгол цэргийн ач үрс болох Юсүпов, Ахметов нар, Монголд олзлогдон очсон уран дархчуудын ач үрс болох Үлэмж, Дорж нар “Манай Чингис хаан” гэж хамгаалж, “Танай үзбекүүд!” гэж зэмлэхийг оролдсон нь бас дэмий хэрэг гэв. Тэгэхэд:

- Барлус чинь Үзбекийн Төмөр хааны овог шүү дээ гэж Юсүпов татгалзахыг оролдов. Тэгэхэд Магометов багш нүдээ их болгож:

- Тийм ээ тийм, мэдэж байна. Доголон Төмөр хаан буюу Тамерлан чинь тюрк бол шингэсэн Монголын барлус овгоос гарсан хүн шүү гэв. Магометов бас тайлбарлаж хэлэв:

- Өнгөрсөн түүхт явдлыг бид судалж үлгэр дуурайл болгохоос биш, одоо “Та нар тэгсэн, бид нар ингэсэн” гэж хэрүүл маргааны баримт болгох хэрэггүй. Чухам үнэн түүхт явдал байсан, түүний сайн муу тал нь юу вэ, учир шалтгаан нь юу вэ гэдгийг түүхч эрдэмтэд чөлөөтэйгөөр шүүмжлэн бичсээр ч байна, цаашдаа ч бичих болно. Энэ их ээдрээтэй явдлыг бид одоо энд нэгэн тийш болгон шийдвэрлэж чадахгүй нь мэдээж хэрэг. Харин бидний одоо тодорхой мэдэж байгаа нэг зүйл бол үзбек, монгол, тажик, орос, казак хэн ч болсон адилхан хүн. Хүн хүнээ харилцан хүндлэх, хүн хүнтэйгээ найрамдан нөхөрлөх, хамтын хүчээр чөлөөт жаргалт амьдралыг зохиох ийм л журам бидэнд хэрэгтэй. Ийм журамд коммунист нам биднийг сургаж байна гэж багш Магометовыг ухуулан хэлэхэд бид дөрвөн оюутан гар гараа барилцаж найрамдав. Бас замдаа багш Магометов бидэнд элэгсэг дотноор ярьсан нь:

- Үндэстэн бүр амиа бодож явцуу үндсэрхэг үзлийг баримтлаад байвал олон үндэстний найрамдал тогтох бололцоогүй болно. Олон үндэстний ах дүүгийн найрамдал бол хөдөлмөрчин ард түмэнд агаар ус шиг чухал хэрэгтэй юм. Харин феодалууд, хөрөнгөтөн, эзэрхэг түрэмгийчүүд бол үндсэрхэг үзлийг ямагт дэвэргэж хөөргөж байдаг. Олон үндэстнийг хавиралдуулж хямралдуулж байгаад түүнийг ашиглаж өөрийн ноёрхлыг тогтоохыг дарлагчид оролддог юм. Ийм учраас бид үндсэрхэг үзлийг эсэргүүцэж байна. Үндсэрхэг үзэл гэдэг бол улс үндсээ хайрлах эх оронч үзлийн нэр биш ээ. Энэ хоёрыг ялгаж үзэх хэрэгтэй. Эх орон ард түмнээ хайрлах, түүний сайн үйл хэргийг бахархах, түүний сайн сайхны төлөө чармайн зүтгэх явдлыг эх оронч үзэл гэж байгаа юм. Эх оронч үзэл бол интернационалч үзэл биш, харин түүний нэг тулгуур юм. Эх орон ард түмэндээ хайртай хүн л бусад орон, бусад ард түмэнд хайртай байж чадна. Үндсэрхэг үзэлтэн бол зөвхөн өөрийн үндэсний сайн муу хамаг юмыг бахархан сайшаагаад, бусад улс үндэстнийг ямагт харилхаж үздэг, бусад үндэстний сайн муу хамаг юмыг зэвүүцэж үздэг юм. Ийм үндсэрхэг үзэлд бид автахгүй, эсэргүүцэж байх хэрэгтэй гэх зэргээр тайлбарлан хэлсэнд бид Магометов багшдаа их талархав. Бид тэгээд гэр байшиндаа ирж тасалгаандаа орж амарцгаасан билээ. Түүнээс хойш удалгүй бид дөрвөн оюутан найрамдлын тэмдэг болгож нэг гуанзанд тусгай тасалгаа аваад үзбек манты хоол идэж жимсний архи хэдэн хундага балгасан билээ. Бид Юсүповт хандаж:

- Илтгэлчээрээ чи нэг аятайхан үг хэл гэж гуйсанд түүний хэлсэн нь:

- Бид нар үндсэрхэг явцуу үзэлд хэзээ ч автахгүй, үүрд интернационалч үзлийг бат баримталж явахын төлөө энэ хундагыг дэвшүүлье гэхэд бид Юсүповын үгийг давтаж хэлээд хундагаа суллав. Дараа нь манай Үлэмж хэллээ:

- Олон үндэстний найрамдан орших зарчмыг номлож биелүүлсэн их Ленин багшийн ариун үйл хэргийн төлөө гэж хундагаа дэвшүүлэв. Дараа нь Ахметов бид хоёр ч хундага дэвшүүлэв. Зөвлөлт-Монголын найрамдлын төлөө, ах дүү шиг найрамдалтай явахын төлөө гэх зэргээр бид олон хундага өргөсөн бөгөөд уусан минь бага боловч хундага өргөж шуугьсан маань их байлаа. Гэвч энэ удаа бид маргалдаж шуугиагүй, найрамдаж нөхөрлөж шуугьсан билээ. Түүнээс хойш бид дөрөв чухам ах дүү шиг дотно найз нар болсон юм. Тэнд байхдаа бид дөрөв бас гэрэл зургийн газраар орж зургаа авхууллаа. Тэр зураг бид дөрөвт нэг нэг хувь бий. Тэр зургаа бид танихгүй хоёр үзбек оюутанд үзүүлж:

- Энэ дөрвийн хэн нь үзбек вэ, хэн нь монгол бэ? Тааж аль гэж асуусанд тэр хоёр зөвлөөд: “Энэ хоёр монгол” гэж Юсүпов бид хоёрыг заав. “Энэ үзбек” гэж ганцхан Ахметовыг заав. Эдний заасан нь царай зүсний хувьд их л зөв байсан. Нээрээ ч Юсүповыг монгол хувцас өмсгөөд монголчуудын дотор оруулах юм бол түүнийг монгол биш гэж хэн ч хэлэхгүй. Түүнд монгол угсааны цус урсаж байж магадгүй. Тэрчлэн Үлэмжийг орос хувцас өмсгөөд оросуудын дотор явуулахад орос биш гэж хэн ч хэлдэггүй юм. Манай Үлэмжид жаахан орос хольцоо бий болов уу гэж санадаг юм. Ингээд бидний нэг удаа дэмий маргасан маань бидний цаашдын амьдралд дэмий биш, их ашигтай болсон юм. “Чи үзбек, би монгол, тэр орос, энэ буриад” гэх зэргээр үндэс язгуураар нэрлэж гадуурхах, дотночлох аль нь ч би дургүй болсон юм. Хүнийг үндэс угсаагаар нь үнэлэхгүй, зорилго бүтээлээр нь үнэлэх хэрэгтэй. Тэгээд Юсүпов над захидал бичихдээ заримдаа “Монгол Юсүповоос үзбек Доржид” гэж бичдэг ба би заримдаа бас “Үзбек Доржоос монгол Юсүповт гэж тоглож бичдэг болсон учир нь тэр юм гээд Дорж яриагаа дуусгав.Бид хэдэн амрагчид сонин явдал ярьж өгсөнд Доржид талархлаа хүргээд:

- Үндсэрхэг үзэл гэдэг чинь нээрээ шал дэмий юм, их хортой зүйл юм гэж ярилцсаар амралтын байр өөд явцгаав.

1965

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.