images

Гурван жил сууж 50 км урт утсаар Чингис хааны хөргийг бүтээсэн хүн

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-11-14


Энэ эрхэмийг Баянжаргалын Дашгомбо гэдэг. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул. Цэргийн алба хааж ирээд эхнэртэйгээ танилцаж айл гэр үүсгээд төрсөн нутаг Бөмбөгөр суманд нь очиж суурьшаад насаараа багш, мөн пионерийн удирдагч хийжээ. Элдэв шинэ сонин зүйл сонирхох, түүнийгээ хийж туршиж үзэх, уйгагүй оролдсоор бүтээл болгож байж санаа нь амардаг хүн.

    Худгийн онгоцонд наалдсан яргуйн дэлбээнээс шинэ санаа төрөв

   Ерээд оны сүүл үеэр нэг зуны амралтаараа хөдөө хадмындаа очоод худаг дээр мал услаж байтал худгийн онгоц дотор яргуйн дэлбээ наалдсан байхыг үзжээ. Яргуйн дэлбээнд адууны сүүлний орооцолдсон хялгас наалдсан байсан нь энэхүү сониуч эрд ер бусын сонин харагдсан аж. Ажиглаад харах тусам нил ягаан өнгийн яргуйн дэлбээн дээр тас хар өнгийн адууны хялгас наалдан хээ хуар үүсгэсэн байсан нь түүнд нэгийг бодогдуулжээ. Даруй гэртээ ирэнгүүт тод өнгийн гадаргуу дээр хадаас хадаад утас татан элдэв дүрс үүсгээд үзтэл ер нь юм болчих юм шиг санагдсан байна. Үүнийгээ цааш өөрийн санаагаар баяжуулан хөрөг зураг, элдэв дүрс хийж үзэхийг оролдсон бөгөөд ингэхдээ хатуу гадаргуу дээр өнгө өнгийн утас зэрэгцүүлэн нааж ямар нэгэн бүтээл хийхээр зорьсон байна. Урьд өмнө хэний ч хийж байгаагүй энэ өвөрмөц зүйлээ “Утсан наамал” гэж нэрлэв. Утсаа наахдаа анх картон цаасан дээр монгол шар цавуугаар нааж эхэлжээ. Гэтэл нөгөө цавуу нь хатахдаа утасныхаа өнгийг бүдгэрүүлээд байж. Ингээд утас наахад тохирох цавууны эрэлд гараад Монголд зарагддаг бүх төрлийн цавуугаар туршиж үзсэний эцэст тараган цагаан цавуу хамгийн тохиромжтой болохыг олон удаагийн оролдлогоороо тогтоожээ. 1999 онд Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн ойг тэмдэглэх болоход гэгээний хөргийг утсан наамлаараа урлаж эхлэн, өдөр шөнөгүй суусаар арайхийн дуусгаад аймагтаа бэлэглэсэн нь тус аймгийн музейд одоо ч хүндтэй байранд заларсаар байна.

    Эзэн хааныхаа хөргийг гурван жил урлаж дуусгав

   Үүний дараа их эзэн Богд Чингис хааны хөргийг утсаар урлахаар ажиллаж эхлэв. 120х140 хэмжээтэй хөргийг нэг ч өдөр амралгүй гурван жил, зургаан сар, арван хоног сууж дуусгасан бөгөөд ийн урлахад 36 өөр өөр өнгийн, 50 мянга гаруй метр торгон утас оржээ. Ямар дайны хөдөлмөр орсон нь үүнээс харагдана. Энэ бүтээл нь одоо Баянхонгор аймгийн Орон нутгийг судлах музейн хойморт заларч байна. Зураач хүн өнгийн будгаар зурдаг бол Б.Дашгомбо гуай өнгийн утсаар зурдаг. Оёдлын нарийхан утсыг хэрэглэх хэмжээгээр нь тайрч таслаад, зай талбай, зохис донжийг нь олж наана гэдэг маш нарийн чимхлүүр ур шаардана. “Их хааныхаа хөргийг урлаж дуусаад магнай тэнийн баярлаж байхдаа өөрийгөө анзаартал нуруу өвддөг болж, хараа нэлээд муудсан байлаа” хэмээн инээж суугаа энэ эрхэмийн урлаж бүтээх ажил үүгээр зогссонгүй. Үүнийхээ дараа их эзэн хааны цэцэлсэн мэргэн үгс, сургаалуудыг худам болон кирилл бичгээр, мөн эзэн хааны үеэс өдийг хүртэл уламжилж ирсэн “Галын тахилгын судар”, Монголын үе үеийн 38 их хааны хөрөг, шинэ үеийн Монголын төрийн тэргүүн нарын хөрөг, төрийн наадамд магнайдаа тоос хүргэлгүй хэдэнтээ түрүүлсэн Ажнай шарга хэмээх алдарт азарга, Бурханы шашинт монголчуудын эрхэмлэж ирсэн “Хийморийн сан” судар зэргийг мөн утсан наамлаараа урлажээ. Эдгээр бүхнийг хийж бүтээсэн арга, явц бүгд өөр өөрийн онцлогтой. Тухайлбал шарга азаргыг урлахдаа дэл сүүлийг нь гадаргуу дээрээ наалгүй сул унжиж байхаар хийсэн нь салхинд намирч хийсээд эгээ л амьд мэт харагдана. “Галын тахилгын судар”-ыг худам монгол бичгээр утсаар наан урлахдаа толгойн хэсэгт нь гал дүрэлзэн буй тулгатай хийжээ. Тулганы галыг улаан өнгийн утсаар бүтээхдээ дээд үзүүр хэсгийг нь нааж, үлдсэнийг нь сул үлдээсэн нь хажуунаас нь үлээж үзэхэд үнэхээр л галын улаан дөл дүрэлзэн асаж байх мэт харагдана. Үргэлж элдвийг санаж сэдэж явдаг тэрбээр сургуульд багшилж байхдаа нэгэн удаа сурагчдын дунд “Түүдгийн дэргэд” гэсэн зохиомж найруулан тоглуулжээ. Ингэхдээ тулга байрлуулаад дээр нь галын дөл болгож улаан даавуугаар чимэглээд доороос нь сэнсээр үлээлгэхэд яг л дүрэлзэн асаж буй гал мэт харагдаж байснаа санаад утсан наамлаар урласан тулганы галаа мөн л ингэж бүтээсэн байна.

50 мянган метр утсаар гурван жил сууж урласан их хааны хөрөг

    Утсан наамал хийнэ гэдэг бол тэвчээр шаардсан ажил

   “Утсан наамал” хэмээх өөрийн сэдэж бүтээсэн энэхүү урлалаа тэрбээр хойч үедээ зааж сурган үлдээх гэж хөдөө Бөмбөгөр суманд байхдаа, дараа нь аймгийн төвд багшилж байхдаа хэдэн хүүхэд цуглуулан заах гэж үзжээ. Хүүхдүүд эхлээд сүрхий сонирхож байснаа хэд хоногоос няцаж, ганц нэгээрээ хаяж явсаар арваад хоноход нэг нь ч үлдсэнгүй. Энэ тухай тэрбээр “Утсан наамал хийнэ гэдэг бол цэвэр тэвчээр шаардсан ажил. Өнөөгийн хүүхдүүд нэг зүйлд төвлөрч тэвчээртэй сууж чадахгүй юм билээ” хэмээн өгүүлсэн юм. Харин өөрийнх нь хүүхдүүд бүгд утсан наамал хийж сурчээ. Сүүлийн үед нуруу нь өвдөж, нүдний хараа нь жаахан муудсан тул утсан наамлаа түр хойш тавиад зүү ороож, бас шүлэг зохиол оролдож сууна. Тэрбээр 20 гаруй дууны шүлэг бичжээ. Олны дунд хамгийн их түгсэн нь Гавьяат жүжигчин, дуучин С.Ганзоригийн дуулсан “Тээвэрчин аав” дуу. Удахгүй шүлгийг түүврээ хэвлүүлэх санаатай гэнэ. Ингээд зогсохгүй бас л шинэ санаа сэдэж явна. “Өнгийн чулуу ашиглаж нэг юм хийх санаатай. Одоо хэлэхэд эрт байна. Хийж дууссан хойноо болох уу даа” хэмээн эгэл даруухан өгүүлэх түүний гараас удахгүй бас нэгэн өвөрмөц бүтээл төрөх нь дамжиггүй юм. Баянхонгор хотын төвд байх хашаа нь цэлгэр, цэмцгэр, гэрт нь ороход хананаасаа цэнхэр улавч авч өгч өмсгөөд, цаанаа л нэг тохилог дулаахан зочны өрөөндөө урин илэн далангүй яриа хөөрөө өрнүүлэх энэ эрхэмийн байнга шинийг эрэлхийлж байдаг оюун бодолд урлаж бүтээх өөр ямар шинэ санаа эргэлдэн байгааг таашгүй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.