Дорнод: Суманд шилжин ирж буй эмч, багш нарт орон сууц барьж өгчээ
Хөдөөгийн баясгалан
2023-11-14
Дорнод аймгийн Гурванзагал суманд аймаг, сумын хамтарсан хөрөнгө оруулалтаар 700 сая төгрөгийн өртөгтэй, тус бүр нь 37-46 мкв талбайтай найман айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Уг орон сууцны эзэд нь тус суманд ажиллахаар Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгаас гэр бүлээрээ шилжин ирж буй хүний их эмч Э.Даваадорж, биеийн тамирын багш Г.Төртогтох, бага ангийн багш П.Даваажаргал, Чойбалсан хотын улсын бүртгэгч нар ажээ. Дорнод аймгийн Засаг дарга өчигдөр шинэ байрны эздэд түлхүүрийг нь гардуулж өгсөн бөгөөд Дундговь аймгийн Луус сумаас ирсэн их эмч Э.Даваадорж энэ үеэр “Сум, орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад тулгардаг гол асуудал бол тав тухтай амьдрах орон сууц. Харин одоо бидний асуудлыг шийдэж, дэмжиж байгаад баярлалаа” гэсэн бол тус сумын сургуульд биеийн тамирын багшаар ажиллах гэж буй Г.Төртогтох “Энд урт хугацаандаа ажиллана гэж бодож байгаа. Сумын сургуульдаа үндэсний бөх, чөлөөт бөхийн секц дугуйлан хичээллүүлж, сумын хүүхдүүдийг амжилт гаргахад тусална” хэмээн ярьжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.