images

10 баримт: Морин хуурын чуулга

Н.Ариунсайхан

10 баримт

2023-11-13


Монгол улсын филармонийн Морин хуурын чуулгад "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан “Чингис хаан” одон хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан уг чуулгын талаарх онцлох 10 баримтыг хүргэж байна.

1. 1992 оны долоодугаар сард Монгол улсын Ардын жүжигчин Ц.Батчулууны санаачилгаар байгуулагдаж, 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж байсан Морин хуурын чуулга өдгөө дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа 650 гаруй удаа гарч, үндэсний өв соёлоо сурталчилжээ.

2. Чуулгын дотроос 1993 онд “Чилүгэн” морин хуурын дөрвөл, 1997 онд “Ятгын дөрвөл” хамтлагууд байгуулагдаж байжээ. 

3. Тус чуулга 1994 оны зургаадугаар сарын нэгний Засгийн газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын филармонийн бүрэлдэхүүнд орсон юм.

4. Чуулгын хамгийн анхны гадаад дахь тоглолт 1996 оны хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотноо 24 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй болж байжээ.

5. Харин тэд 1997 оноос хойш хамгийн олон удаа буюу нийт 33 удаагийн айлчлан тоглолтыг Япон улсад хийжээ. Япон улсад Морин хуурын чуулга нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцсон байна.

6. "Чингис хаан" одонг 2019 онд анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргаж “The Hu” хамтлагт олгож байв. Тэгвэл Морин хуурын чуулга нь "Чингис хаан" одонтой хоёр дахь байгууллага болж байна. 

7. 2022 оны байдлаар чуулгын 30 гаруй уран бүтээлчдийн дотор Монгол улсын Ардын жүжигчин хоёр, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан 20 орчим байна.

8. Морин хуурын чуулгыг мөн 2022 онд Монгол улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад харилцааны яамнаас “Монгол улсын соёлын элч”-ээр өргөмжилсөн билээ.

9. Чуулгын уран бүтээлчид 30 жилийн турш туурвиж олны хүртээл болгосон бүтээлүүдээсээ шилдэг 20-ийг нь түүвэрлэн “Монгол аялгуу” нэртэй хос алтан пянз гаргасан нь энэ оны гуравдугаар сард олны хүртээл болсон юм.

10. Мөн чуулгынхан энэ оны есдүгээр сарын 14-нд Австралийн Сиднэй хотын дуурийн театрын 2700 хүний суудалтай танхимд 42 хүний бүрэлдэхүүнтэй бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, тасалбар нь 100 доллароор борлуулагдаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.