АНУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг албан тушаалаасаа бууна
Анд нөхдийн мэдээ
2023-11-07
Америкийн алдартай болзооны "Bumble" аппликэйшнийг үүсгэн байгуулж тэрбумтан болсон Уитни Волф Хөрд ирэх оны нэгдүгээр сараас гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буухаар болжээ. Түүнийг “Slack” мессэжийн платформын гүйцэтгэх захирал Лидиан Жонс залгамжлахаар болсон байна. У.Хөрд 2014 онд “Bumble”-ыг үүсгэн байгуулснаас хойш 10 жил удирджээ. Гэхдээ ТУЗ-ийн даргын албан тушаалаа хадгална гэдгээ мэдэгдсэн байна. “Bumble” бол зөвхөн эмэгтэйчүүд таалагдсан хүнтэйгээ эхлээд ярих эрхийг олгодог аппликэйшн юм. Тэрбээр 2014 онд Техас мужийн Остин хотод эмэгтэйчүүдэд чиглэсэн болзооны “Bumble” платформыг байгуулсан бөгөөд бүсгүйчүүдэд аюулгүй нөхцөлд хүнтэй танилцах боломж олгосон гэдгээрээ ихэд нэрд гарчээ. Улмаар 2021 оны хоёрдугаар сард хөрөнгийн биржид бүртгүүлэх үед нэгж хувьцааны үнэ нь 70 доллараас давж, хөрөнгийн үнэ цэн нь огцом өссөн байна. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар “Bumble”-ын төлбөртэй хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрчээ. Өнгөрсөн тавдугаар сард "Forbes" сэтгүүлээс энэ оны АНУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгээр нэрлэгдсэн У.Хөрдийн хөрөнгийг 510 сая доллароор үнэлжээ. Шинэ захирлаар томилогдохоор болсон Лидиан Жонс нь “Microsoft” компанид 10 гаруй жил ажилласан туршлагатай удирдагч юм. У.Хөрд "Өөрийн хүндэлдэг шилдэг удирдагч эмэгтэйд албан тушаалаа шилжүүлэх болсондоо баяртай байна” гэж хэлснийг хэвлэлүүд уламжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.