Израилийн талаарх Анжелина Жолигийн мэдэгдлийг аав нь буруутгав
Анд нөхдийн мэдээ
2023-11-07
Холливүүдийн жүжигчин Жон Войт өөрийн охин Анжелина Жолиг Израильд гал зогсоохыг уриаллаа хэмээн шүүмжилжээ. Тэрээр Израиль, ХАМАС-ын дайныг "Ариун газрын төлөөх тэмцэл" хэмээн тодорхойлж, ХАМАС бүлэглэлийн харгислалыг буруушааж, Палестиныг дэмжигчдийг "тэнэгүүд" гэж тодорхойлсон тухай "Jerusalem Post", "The Times of Israel" зэрэг сонинууд мэдээлэв. Тэрбээр дайныг шашны талаас нь онцлон тайлбарлаж "Ариун газар дахь Бурханы хүүхдүүдийн шударга ёсны төлөөх тэмцэл" гэж нэрлэсэн байна. Улмаар охиныхоо үзэл бодолд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн "Би еврейчүүдийн газар нутаг, бурхны ариун газруудыг сүйтгэсэн явдлыг эрс буруушааж байна" гэжээ. Мөн Израиль руу хийсэн ХАМАС бүлэглэлийн халдлагын талаар "Энэ бол гэм зэмгүй нялх хүүхдүүд, тэдний эцэг эх, өвөө эмээ нарын эсрэг явуулж буй хүнлэг бус терроризм. ХАМАС бүлэглэл олон улсын тусламжийг урвуулан ашиглаж, хүмүүсийг амьд бамбай болгож байна” гэжээ. Энэ сарын 3-ны өдөр түүний охин Анжелина Жоли цахим хуудсаараа дамжуулан Израилийг шүүмжилж, яаралтай гал зогсоохыг уриалаад, гэм зэмгүй энгийн иргэд амь үрэгдсэнд сэтгэл эмзэглэж, уурлаж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар тэрбээр эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаанд нэмэр хандив оруулахаа хэлж "Хил хязгааргүй эмч нар"-ын үйл ажиллагааг дэмжихээ мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Холливүүдийн жүжигчид, дуучид мөн “Дайныг зогсоохыг шаардаж буй уран бүтээлчид (Artists4Ceasfire)” нэртэй бүлэг байгуулж, АНУ-ын Засгийн газар болон дэлхийн удирдагчдад гал зогсоож, Газын зурваст халдахаа болихыг уриалсан байна. Тэдний илгээсэн нээлттэй захидалд жүжигчин Хоакин Фэникс, дуучин Мадонна, Жэннифер Лопэс нарын 270 гаруй хүн гарын үсэг зуржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.