Цагдаа бүсгүй нурангинд дарагдсан нялх хүүхдийг хөхүүлж амийг нь аврав
Анд нөхдийн мэдээ
2023-11-07
Мексикт хүчтэй хар салхины улмаас байшин барилга нурж их хэмжээний хохирол учирсан энэ үед аврах ажиллагаанд оролцож явсан цагдаа бүсгүйн үйлдэл олны талархал хүлээгээд байна. BBC агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 29-ний өдөр 33 настай цагдаагийн алба хаагч эмэгтэй Аризбет Амбросио хар салхины улмаас эвдэрч сүйдсэн Акапулько хотод аврах ажиллагаа явуулж байхдаа хүүхэд уйлах чимээг сонсжээ. Тэрбээр яаравчлан тэр зүгт хүрч очиход нуранги доор 4 сартай нялх хүүхдээ тэвэрсэн бүсгүй дарагдсан байжээ. Уг бүсгүй тэнд хоёр хоносон тухайгаа, мөн хүүхэд нь энэ хугацаанд хөхөө ч хөхөж чадаагүй тухай учирлан цагдаа бүсгүйгээс тусламж хүссэн аж. Хоёр хүүхдийн ээж А.Амбросио түүнд хандан өөрөө хөхүүл хүүхэдтэйгээ хэлж хүүхдийг нь хөхүүлж болохыг асуухад уг эмэгтэй шууд зөвшөөрч, цагдаа бүсгүй хамгаалалтын хэрэгслээ тайлан, өлссөн хүүхдийг хөхүүлжээ. Хүүхэд даруй уйлахаа больсон байна. Мехико хотын Иргэний аюулгүй байдлын хэрэг эрхлэх газар энэ явдлыг дүрс бичлэгт буулган цахим орчинд нийтэлснээр А.Амбросиогийн энэ үйлдэлд маш олон хүмүүс талархал илэрхийлж байна. Дашрамд дурдахад өнгөрсөн сарын 25-ны өглөө Мексикийн Номхон далайн эргийн бүс нутгийг дайрсан "Отис" хар салхины улмаас наад зах нь 45 хүн амиа алдаж, 47 хүн сураггүй алга болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.