images

Тайланд улс ХАМАС-тай тохиролцоонд хүрч, барьцааны иргэдээ суллуулахаар болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-02


   Тайланд улс Палестины ХАМАС бүлэгтэй хэлэлцээ хийж, барьцаалагдсан иргэдээ аюулгүй суллах амлалт авсан гэдгээ мэдэгдэв. Тус улсын Төлөөлөгчдийн танхимаас байгуулагдсан хэлэлцээрийн багийн зөвлөх Арипен Уттарасин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иран улсад ХАМАС-ын төлөөлөгчидтэй уулзсанаа дурдаад, хэлэлцээ амжилттай болсныг мэдэгдсэн байна. Тэрбээр барьцаанд орсон тайланд иргэд эсэн мэнд байгааг мөн дуулгасан байна. Гэхдээ иргэдээ чухам хэзээ гаргаж авах талаарх асуултад Израилийн дайралтын улмаас тодорхой цаг хугацаа заан хэлэх боломжгүй байгааг онцолжээ. Улмаар Тайландын бүх лалын шашинтнууд барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг хүсч байгааг ХАМАС-ын удирдагчид ойлгож байгаа бөгөөд Тайланд бол мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэжээ. Мөн хэлэлцээрийн багийнхныг ХАМАС-ын төлөөлөгчид барьцааны хүмүүс байрлаж байгаа Газын зурваст урьсан боловч аюулгүй байдлын үүднээс очиж чадаагүй гэдгээ хэлсэн байна. ХАМАС-тай хийсэн энэ удаагийн хэлэлцээнд Иран улс зуучилжээ. Израильд 30 мянган тайланд ажилчин байсан бөгөөд өнгөрсөн сарын 7-нд ХАМАС бүлэг Израиль руу дайрсны дараа тэдний 8000 орчим нь нутаг буцсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.