Египет хилээ нээж Газын зурвасаас 400 гаруй дүрвэгсэд гарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-02
Израиль болон ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш хаагдаад байсан Египет болон Газын зурвасын хилийг гадаадын иргэд, мөн хүнд шархадсан хүмүүст хязгаарлагдмал байдлаар нээжээ. Ингэснээр Египет болон Газын зурвасыг холбосон Рафах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нийт 490 хүнийг Египетэд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэ тухай AFT агентлаг "400 орчим гадаадын иргэн, давхар иргэншилтэй хүмүүс, мөн 90 орчим хүнд шархтан Египетэд ирсэн" гэж мэдээлэв. Египетийн засгийн газрын албан тушаалтан хэлэхдээ "Өвчтөнүүдийг эс тооцвол Газын зурвасаас гарч ирсэн хүмүүсийн ихэнх нь гадаад паспорттай эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан" гэжээ. ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Газын зурвасын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 8700 орчим хүн нас барж, хоол хүнс, ус, эм тариа, түлш шатахуун дууссан байна. Газын зурвастай хиллэдэг Египет, Израиль улсууд дүрвэгсдийн томоохон хямралаас болгоомжлохын зэрэгцээ ХАМАС-ын гишүүдийг энгийн иргэдийн дүрд хувиран зугтахаас сэргийлэхийн тулд хилийн шалгалтыг сайтар хийж байгаа аж. Цаашид тус нутгаас гарах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Египетийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжийн хэлснийг эш татан “Гадаад орнуудын Элчин сайдын яамдууд иргэдээ хил дээр хүлээж авч, шууд Каир болон бусад газар руу зөөж байна. Хилээр гарах хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.