Микеланжелогийн хоргодож байсан нууц өрөөг олон нийтэд нээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-11-02
Италийн Сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгч, зураач Микеланджело Буонарротигийн 500 орчим жилийн өмнө ганцаар бүгэн сууж зургаа зурдаг байсан нууц өрөөг анх удаа олон нийтэд нээлттэй болгохоор болжээ. Тус улсын хэвлэлээр мэдээлснээр уг өрөөг энэ сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны хооронд олон нийтэд нээлттэй үзүүлэхээр болсон бөгөөд нэг удаад 4 хүн, долоо хоногт дээд тал нь 100 хүн орох боломжтой ажээ. Дотор нь ороод үзэж сонирхох хугацааг дээд тал нь 15 минутаар хязгаарласан байна. 10 метр урт, 3 метр өргөн, 2,5 метр өндөр уг өрөө нь 1530 онд суут зураач Ромын пап VII Клементийн хавчлагад өртөж дөрвөн сар орчим нуугдан уран бүтээлээ туурвиж байсан газар ажээ. Тус өрөө нь Италийн төв хэсэгт орших Флоренц дахь нэгэн сүмийн хонгилд байдаг бөгөөд 1975 онд тухайн үеийн Медичийн сүм музейн захирал Паоло Дал Погетто анх нээн илрүүлсэн аж. Одоогоор Микеланжело нүүрсээр зурсан гэж үздэг хүний биеийн тойм зураг энэ өрөөний ханан дээр үлджээ. Италийн Соёлын яам тус өрөөг эхний ээлжинд ирэх оны гуравдугаар сар хүртэл олон нийтэд нээж, хугацааг сунгах, зочдын тоог нэмэгдүүлэх эсэхийг дараа нь шийднэ гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.