images

Нобелийн шагналт иран бүсгүй шоронгоос бичсэн захидлаа дэлхийд сонсгожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-02


   Шоронд хоригдож байхдаа энэ оны Нобелийн энх тайвны шагналтнаар тодорсон Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бүсгүй Наргес Мохаммади шоронгоос сэтгэгдлээ хуваалцсан тухай Нобелийн сан мэдээлэв. Түүний дүрс бичлэгийг тус сан цахим хуудсандаа байршуулсан бөгөөд тэрбээр шоронгоос бичсэн захидлаа уншихдаа "Албадан хижаб өмсүүлэх, гивлүүр зүүлгэх нь нийгмийг хянах, дарамтлах нэг арга" гэжээ. Улмаар “Иран бол нийгмийн 45 жилийн гачигдал, ядуурлыг институц болгосон дэглэм бөгөөд худал хуурмаг, заль мэх, айлган сүрдүүлэхэд суурилсан дарангуй нийгэм" гэх зэргээр хурцаар шүүмжилсэн байна. Мөн тэрбээр ард түмэндээ хандан "Бид эв нэгдлийн хүчээр, Ираны ард түмний нэр төрийг сэргээхийн тулд хүчирхийлэлгүй, үл зогсох үйл явцаар дамжуулан энэхүү шашны авторитар дэглэмээс ангижрах болно" гэж уриалжээ. Төгсгөлд нь "Ялалт амар биш, гэхдээ энэ нь гарцаагүй" гэж онцолсон байна. Н.Мохаммади Ираны Тегеран хотын "Эвин" шоронгоос Нобелийн шагналыг хүлээн авч буйгаа илэрхийлсэн захидал нууцаар илгээж, 17 настай охиноороо уншуулан дэлхий даяар сонсгожээ. Тэрбээр 2003 онд Ираны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний анхны удирдагч Ширин Эбади тэргүүтэй хүний эрхийг хамгаалагчдын байгууллагаас үйл хэргээ эхэлжээ. 2011 онд хоригдож буй хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид тусалсан хэргээр анх баривчлагдаж, хорих ял сонссноос хойш удаа дараа хоригдож, суллагдсан байна. Хамгийн сүүлд тэрбээр 2021 онд Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гудамжны жагсаалд оролцож байгаад баривчлагдсан юм. Өнгөрсөн жил иран эмэгтэй Махса Амини учир битүүлгээр нас барсны дараа Засгийн газрын эсрэг жагсаал улс орон даяар өрнөхөд Н.Мохаммади эсэргүүцлээ илэрхийлж шорон дотор хижабаа шатааж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.