images

Монголын түүхэнд хэдэн лхаарамба гарсан бэ?

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-11-01


   1930-аад онд Бурханы шашны сүм хийдийг устгаж, шашин шүтэх, шашны боловсрол олж авах эрх чөлөөг хэрэг дээрээ хориглосноос хойшх 100 шахам жилийн хугацаанд Монгол улсаас гарсан анхны лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар өнөөдөр томилогдов. Тэрбээр 1980 онд Сүхбаатар аймагт төрж, нутгийнхаа Эрдэнэмандал хийдэд анхлан шавилаад Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацан, улмаар 1998 оноос Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2017 онд лхаарамба цол хамгаалсан билээ. Түүний удаах лхаарамба нь мөн Гоман дацанд 24 жил тасралтгүй суралцаж 38 насандаа энэ цолд хүрсэн Цэдэндамбын Бат-Итгэл юм. Одоо энэ 11 дүгээр сард дахин хоёр монгол лам энэ цолыг хамгаалах гэж байна. Монгол оронд Бурханы шашин дэлгэрснээс хойшх бараг таван зуун жилийн хугацаанд төрөн гарсан лхаарамба цолтнуудын жагсаалтыг Гандантэгчэнлин хийдийн лам, гавж Э.Гүндсампилын эмхэтгэснээр нийтэлж байна. Гэхдээ энэ нь бүрэн жагсаалт хараахан биш, лхаарамба цол хамгаалсан монгол лам нар түүхэнд үүнээс илүү олон байсан нь дамжиггүй болохыг эмхэтгэгч зориуд тэмдэглэснийг дурдъя.         

1. Дарав бандидын анхдугаар дүр Лувсансодовжамц. Өндөр гэгээний шадар шавь нарын нэг агаад Рашаантын хүрээг үндэслэн байгуулсан.

2. Шива ширээтийн анхдугаар дүр Лувсаншива. Халх Зая бандидын шадар шавь. Чулуутын хүрээг үндэслэн байгуулсан.

3. Хөх нуурын Монлом хутагт Данзандамба. XVIII зуун .

4. Тойн номун хан буюу лхазүн бандида Агваандорж. 1715-1780 он. Алшаа хүн бөгөөд Баарин хүрээг байгуулжээ.

5. Халх лхаарамба Лувсанжамба. XVIII-XIX зуун. Брагри ёнзон Халх Дамцагдорж ламын багш.

6. Алшаагийн Агваандандар лхаарамба. 1759-1840 он.

7. Түмэд лхаарамба Дагвацэдэн. Жүддод дацангийн хамба асан.

8. Монголжин лхаарамба Жамбалпэрэнлэй.

9. Цэдэн лхаарамба буюу Лувсанцэдэн. Өвөр Монгол. XVIII зууны сүүл үед мэндэлсэн.

10. Харчин лхаарамба Дашдаржаа. XVIII зуун.

11. Буриад лхаарамба Шивалха. XIX зуун.

12. Илийн хязгаарын лхаарамба Чанравдамба. XIX зуун.

13. Халх чойнзод лам Данбийдонмэ XVIII-XIX зуун. Бодь сэтгэл төрсний гадаад тэмдэг болох анхилуун үнэрт шаргал бодь цэцэг өрөөнд нь ургасан байдаг.

14. Гэвш Дамба. Өвөр Монгол.

15. Гэвш Дамба. Халх. Энэхүү хоёр Дамба нь нэг зиндаа байсан бөгөөд халх Дамба лам лхаарамбын эхний байрыг эзэлж, буриад Дамба лам хоёрдугаар байрт шалгарч байжээ.

16. Лхаарамба Жамьянчойнпэл. Буриад. XIX-XX зуун.

17. Жүдмад хамба асан Жамбагалсан буюу Гонгоржав лхаарамба. Өвөр Монгол. 1936 онд Жүдмад дацангийн хамба болж 1944 онд таалал төгсжээ.

18. Лхаарамба Дамбапэлжээ. Буриад. XIX-XX зуун.

19. Лхаарамба Диндэ. Өвөр Монгол. 1888 онд мэндэлжээ.

20. Лхаарамба Даш. Буриад. XIX-XX зуун.

21. Лхаарамба Түвдэннямбуу. Буриад. XIX-XX зуун. 1919 онд Далай багшийн бага ёнзон багш Тижан ринбүүчийн хамт лхаарамба болж анги дамба буюу нэгдүгээр байраар орж Тижан ринбүүчи хоёрдугаар байр эзэлж байжээ.

22. Лхаарамба Дашням. Монголжин. XIX-XX зуун.

23. Гэвш лхаарамба Чоглха. Өвөр Монгол. XIX-XX зуун.

24. Гэвш лхаарамба түмэд Жамбажамц. XIX-XX зууны эхэн үе. 1906 онд Гоман дацангийн хамба болж байжээ.

25. Урад лхаарамба Лувсандамбийжанцан. 1819 онд мэндэлсэн.

26. Цаншав лхаарамба Лувсандорж. Буриад. 1854-1938 он. XIII Далай ламын гүн ухааны номын туслах багш буюу цаншав байжээ.

27. Халх Лувсан-Иш. 1899-1967 он. 1955 онд лхаарамбын цол хамгаалжээ.

28. Түмэд Ишжамц. 1912-1974 он. 1952 онд лхаарамба болж, 1957 онд Жүдмад дацангийн унзадад томилогдсон.

29. Гэвш лхаарамба Чойдог. Буриад. 1898-1977 он. Төвөдөд анх орчин цагийн төвөд хэлний толь бичиг гаргажээ.

30. Гэвш лхаарамба Агваанлувсан. Шинжааны монгол. 1899-1979 он. Далай багшийн томилгоогоор 1960 онд Гоман дацангийн хамбын орлогчоор суун удалгүй хамба болж, есөн жилийн турш уг эрхэм хүндтэй албыг хашжээ.

31. Лхаарамба Лувсаншэйнин. Халх.

32. Жарууд лхаарамба Дамбийжанцан.

33. Тойн лхаарамба Ринчинжамц.

34. Лхаарамба Галсанлигдэн.

35. Лхаарамба Асгад.

36. Лхаарамба Ишдондов.

37. Лхаарамба Жанчив-Иш.

38. Лхаарамба Сэнгэгирди. XX зууны сүүл хүртэл 100 гаран насалсан гэжээ.

39. Дүлба хамба Түвдэнням. Буриад. 1948 онд лхаарамба цол хамгаалсан.

40. Жүдмад хамба Ишжанчив. 1953 онд Жүдмад дацангийн хамбаар сууж байсан.

41. Ёнзон лхаарамба. Өвөр Монгол.

42. Цагаан даяанчийн хувилгаан лхаарамба. Өвөр Монгол.

43. Цаншав Ойдүвцогни. Өвөр Монгол. XIV Далай ламын гүн ухааны туслах багш. Далай багш айлдахдаа “Намайг хоосон чанарын номд дуртай болгосон ачтан бөгөөд миний туслах багш нараас хамгийн номтой нь байсан” гэж дурсдаг.

44. Гоман хамба Санжаадорж. XVIII зуун. Хөхнуурын монгол. 12 жилийн турш Гоман дацангийн хамбын алба хашсан.

45. Харчин лхазүн Түдэвням. 1792-1797 он хүртэл зургаан жил Гоман дацангийн хамбаар суужээ.

46. Олны их багш лхаарамба Галсанлигдэн. Буриад. ХХ зуун. Гоман дацангийн хамба асан.

47. Лхаарамба Лувсанцэрэн. Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны Тариатын хүрээний хамба асан. Сэнгэ гэвшийн сахилын багш.

48. Сэнгэ гэвш Лувсаншийрав. Халх. 1905-1993 он. Дамдин Янсан бурханы хамаг увдисын эзэн, их бүтээлч.

49. Лхаарамба Агвааншийрав. Халх, XIX зуун.

50. Лхаарамба Шийравбалсан. Халх, XIX зуун.

51. Дандар хамба. Халх. ХХ зуун. 1944-1947 он хүртэл Сэра Жэ дацангийн хамбын суудалд заларч байв.

52. Сөнөд гэвш Ишжамц. ХХ зуун.

53. Монгол багш буюу лхаарамба Д.Жавзандорж. 1980 онд Сүхбаатар аймагт төрсөн. 2017 онд лхаарамба цол хамгаалсан.

54. Лхаарамба Ц.Бат-Итгэл. 1980 онд төрсөн. 1994 оноос эхлэн Буддын гүн ухаанд суралцан 2018 онд лхаарамба цол хамгаалжээ.

55. Лхаарамба Х.Дархан. 1978 онд Дархан-Уул аймагт төрсөн. Энэ жил лхаарамба болох нь батлагдсан.

56. Лхаарамба Я.Түвшинбаяр. Архангай аймгийн уугуул. Энэ жил лхаарамба болох нь батлагдсан.

  Одоогоор монгол туургатнаас лхаарамбын шалгалтанд явж байгаа 20 гаруй лам  байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.