12 настай япон охин Килиманжаро уулын оргилд амжилттай авирчээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-01
12 настай япон охин Африкийн хамгийн өндөр оргил болох далайн түвшнээс дээш 5895 метр Килиманжаро ууланд амжилттай авирсан тухай "Yomiuri Shimbun" сонин мэдээлэв. Тус улсын Яманаши мужийн Чизүка бага сургуулийн зургаадугаар ангийн сурагч Рэй Банно өнгөрсөн есдүгээр сард ээжийнхээ хамт тус оргилд амжилттай авирсан бөгөөд аяллын тухай зураг, дүрс бичлэгээ цахим орчинд нийтэлсэн байна. Бяцхан охин өнгөрсөн долоодугаар сард олон нийтийн санхүүжилтээр аяллын зардлынхаа тодорхой хэсгийг бүрдүүлж тус оргилд авирах мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр "Би бага сургуулийн хоёрдугаар ангид байхдаа Килиманжаро уулыг сэтгүүлээс анх олж харсан бөгөөд түүнээс хойш тэр сайхан ууланд авирахыг мөрөөдөх болсон” гэжээ. Улмаар дэлхийн дулаарлын улмаас уулын мөсөн голууд аажим хайлж байгаа тул түүний гэрэл зургийг авч үлдээхийг хүссэн тухайгаа ярьсан байна. Мөн тэрбээр анх дөрвөн настайдаа Яманаши мужийн 1712 метрийн өндөртэй Конара ууланд авирсан бол хоёр жилийн дараа тус мужийн Фүжи зэрэг 100 алдартай ууланд бүгдэд нь авирсан байна. Түүний дараагийн зорилго бол ахлах сургуульд ороод Антарктидын ноён оргил Винсон ууланд авирах явдал бөгөөд одоогоор тэрхүү уулын талаар уншиж судалж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.