Клод Монэгийн олон нийтэд дэлгэж байгаагүй зураг 65 сая долларын үнэ хүрнэ
Анд нөхдийн мэдээ
2023-10-31
Францын импрессионист зураач Клод Монэгийн олон нийтэд дэлгэж байгаагүй "Le bassin aux nympheas" хэмээх зургийг ирэх сарын 9-нд Нью-Йорк хотод дуудлага худалдаанд оруулах болсон байна. Дуудлага худалдааг зохион байгуулагч “Christie's” компанийн мэдээлснээр 1917-1919 онд зурсан гэж үздэг энэхүү зураг багаар бодоход 65 сая доллар хүрнэ гэж үзэж байна. Уг бүтээл нь алдарт зураачийн "Усан сараана" цувралын нэг хэсэг юм. "Усан сараана" цуврал бүтээл нь нь К.Монэ нас ахисан хойноо Парисын Гиверни дахь харшийнхаа цөөрөмд сараана цэцэг ургуулж байхдаа зурсан цуврал зургууд бөгөөд түүний импрессионист уран зургийн төлөөлөл болсон шилдэг бүтээл гэж тооцогддог аж. Уг цувралд багтсан өөр нэгэн бүтээл 2018 онд дуудлага худалдаагаар 84.7 сая доллараар зарагдаж байв. Энэ удаад олон нийтэд дэлгэн харуулах гэж буй "Le bassin aux nympheas" буюу "Усан сараанын цөөрөм" нэртэй бүтээл нь нэгэн гэр бүлийн цуглуулгад 50 гаруй жил хадгалагдаж байгаад одоо гарч ирж байгаа ажээ. К.Монэ нь 19-20 дугаар зууны Барууны урлагийн түүхэн дэх хамгийн тод уран бүтээлчийн нэг юм. Аливаа нэгэн обьектийг бодитоор дүрсэлдэг уламжлалт уран зургийн арга барилаас татгалзаж, гэрлээс хамаарч өөрчлөгддөг биетийн үзэмж байдлыг шингээн урладаг түүний уран зургийн арга барил нь Винсент ван Гог, хожмын Жэксон Поллак зэрэг абстракт зураачдад хүртэл нөлөөлсөн гэдэг. К.Монэгийн бүтээлүүд дотроос хамгийн өндөр үнэ хүрсэн зураг бол 2019 онд дуудлага худалдаагаар 110.7 сая доллараар зарагдсан "Бухал өвс" нэртэй бүтээл ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.