Түргэн тусламжаар очсон алба хаагч гэрт нь хүүхдүүдийг нь харж үлджээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-31
АНУ-ын Калифорниа мужийн Лос Банос хотод амьдардаг 33 настай Карен Гарсиа бүсгүй 35 долоо хоногтой жирэмсэн гэртээ байхдаа гэнэт бие нь тавгүйцэж толгой нь эргэсэн байна. Түүний нөхөр ажилдаа явсан байсан бөгөөд 11, 9, 8 настай гурван хүүхэд нь унтаж байжээ. Тэрбээр эм уугаад ч нэмэр болсонгүй, толгой нь улам эргэж бөөлжиж эхэлжээ. Өглөө 7 цагийн үед хүүхдүүд нь сэрж ирэхэд тэрбээр угаалгын өрөөндөө ухаангүй хэвтэж байсан байна. Хүүхдүүд 911 рүү залгаж ээжийнхээ байдлыг тайлбарлан яаралтай тусламж дуудав. Түргэн тусламжийнхан удалгүй ирж, Гарсиа бүсгүйг ойролцоох эмнэлэг рүү авч явжээ. Гэвч ард үлдсэн бага насны гурван хүүхдийг харж хандах хүн байсангүй. Тэднийх өнгөрсөн жил тус хотод нүүж ирсэн тул хамаатан садан, найз нөхөд ч байсангүй. Хамгийн ойр байгаа хүн гэвэл Гарсиагийн төрсөн ах нэг цагийн зайтай газар ажилладаг байв. Өвчтэй бүсгүйг эмнэлэг рүү авч явахад дуудлагаар ирсэн ахмад Брайан Томпсон болон түүний хоёр хамтрагч гурвуул хүүхдүүдийг харж үлджээ. Зургаан хүүхдийн эцэг ахмад Томпсон хамгийн түрүүнд хүүхдүүдэд хоол хийж, талх шарж эхэлсэн байна. Үүнд сэтгэл нь хөдөлсөн хүүхдүүд тэр даруй гар бие оролцон хамтдаа хоол хийжээ. Хоолоо идчихээд хүүхдүүдийн хичээл номыг ялгаж, бас хамтдаа хүүхэлдэйн кино үзсэн байна. Ахмад Томпсон энэ талаар хэвлэлийнхэнд хэлэхдээ "Хүүхдүүд гэрийнхээ бүх тоглоом гарган ирж надад сонирхуулсан” гээд “Хэзээ нэгэн цагт эхнэр, хүүхдүүд маань ийм асуудалтай тулгарахад хэн нэгэн тэдэнд бас л ингэж туслах байх. Хүмүүс бид бие биедээ анхаарал халамж тавих ёстой" гэжээ. Энэ хооронд Гарсиагийн ах ирж, хүүхдүүд ч нагац ахынхаа тусламжтайгаар сургуульдаа явсан байна. Тухайн өдрийн орой эмнэлгээс гарсан ээждээ хүүхдүүд нь өглөө болсон явдлыг хөөр баяр болон ярьжээ. Үүнд Гарсиа бүсгүй талархсанаа илэрхийлж "Өнөөдрийнх шиг хүндхэн өдөр хүүхдүүдийг асарч халамжилж өгсөнд туйлын баяртай байна” гээд тэдэнд талархал илэрхийлж ажлын амжилт хүсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.