Хятадад 100 мянган тонн нөөцтэй ураны орд илрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-30
Хятад улс 100 мянган тонн ураны нөөцтэй орд илрүүлж цөмийн эрчим хүч үйлдвэрлэх тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болсон тухай CCTV телевиз мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Хятадын Атомын эрчим хүчний аж үйлдвэр, геологийн хэрэг эрхлэх газрын дарга Чэнь Жүнли 28-ны өдөр Бээжинд болсон олон улсын байгалийн ураны аж үйлдвэрийг хөгжүүлэх анхдугаар форум дээр хэлэхдээ "Саяхан бид хайгуулын нэгдсэн технологийн ачаар 100 мянган тонн ураны нөөцтэй орд газрыг илрүүлсэн” гэжээ. Харин тус орд газрын байршил зэргийн талаар нарийн тодорхой өгүүлээгүй байна. Тэрбээр “Сүүлийн 10 жилийн хугацаанд илрүүлсэн ураны уурхайн нөөц Хятадын нийт нөөцийн гуравны нэгийг эзэлж байна” гээд “Байгалийн ураны тогтвортой нийлүүлэлтийн сүлжээгээр бид цөмийн салбарын тогтвортой хөгжлийг хангаж чадахаар боллоо” гэсэн байна. 2020 оны есдүгээр сард Хятад улс 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах “Хос нүүрс” төлөвлөгөөгөө зарлаж, дараа нь сэргээгдэх эрчим хүчний байгууламжууд болон атомын цахилгаан станцуудыг өргөтгөх амлалт өгсөн юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард Хятадын хамгийн том атомын цахилгаан станц болох Ляонин мужийн “Хунянхэ” цөмийн цахилгаан станцын шинээр өргөтгөсөн 5, 6 дугаар блокуудыг ашиглалтад оруулж, атомын цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадлыг 6.71 сая кВт-д хүргэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.