images

“Starlink” Газын зурвасыг интернэттэй холбоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-30


   “Тесла” компанийн захирал Илон Маск Израилийн дайралтын улмаас харилцаа холбоо тасарсан Палестины Газын зурваст “Starlink” хиймэл дагуулын интернэт сүлжээгээр тусламж үзүүлэх хүсэлтэд хариу өгчээ. Тэрбээр 28-ны өдөр өөрийн X (хуучнаар Twitter) хуудсаар дамжуулан "Starlink" Газын зурваст олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусламжийн байгууллагуудыг холбоход дэмжлэг үзүүлнэ" гэж мэдэгдэв. Дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй ч, харилцаа холбоо тасарч ноцтой хямралд өртөөд байгаа Газын зурваст өөрийн эзэмшдэг сансрын компани “SpaceX”-ийн хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ болох “Starlink”-ийг ашиглуулан туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Израиль Газын зурваст дайралтаа өргөжүүлснээр тус бүс дэх утастай болон утасгүй харилцаа холбоо, интернэт бүрэн тасарчээ. Цахим хэрэглэгч нэгэн иргэн Илон Маскт Газын зурвасыг интернэттэй холбож өгөхийг хүссэн зурвас үлдээгээд "Та “Starlink”-ийг сайн сайхны төлөө, хүн төрөлхтний төлөө ашигладаг гэж үргэлж хэлдэг. Одоо үүнийгээ батлах цаг нь болжээ" гэсэн байна. Өчигдөр өглөөний байдлаар "Starlink for Gaza" (#starlinkforgaza) гэсэн хаштагийг олон нийтийн сүлжээгээр 3.7 сая гаруй удаа ашигласан болохыг “Al-Arabiya” агентлаг мэдээлэв. Палестины Харилцаа холбооны сайд Исхак Садр "Аль Хадас" сувагт өгсөн ярилцлагадаа “Starlink”-ийг ашиглан Газын зурваст харилцаа холбоог сэргээх талаар яриа хэлэлцээ хийгдэж байна” гэжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард И.Маск харилцаа холбооны сүлжээ эвдэрсэн Украин улсад “Starlink”-ийн терминалуудыг нийлүүлж, интернэттэй холбож байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.