"The Beatles"-ийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн шинэ дуу мэндэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-27
Британийн домогт "The Beatles" хамтлагийн шинэ дуу хиймэл оюун ухааны (AI) тусламжтайгаар ирэх сард олонд хүрэх гэж байна. ВВС агентлагийн мэдээлснээр, тус хамтлагийн гишүүн асан Пол Маккартни, Ринго Старр нар ирэх сарын 2-нд "Now and then" дуугаа нийтэд хүргэнэ гэдгээ мэдэгдэв. Энэ дууг 1970-аад оны сүүлээр Жон Ленноны Нью-Йорк дахь гэртээ зохиосон, бүрэн дуусгаж амжаагүй ая дээр үндэслэн бүтээжээ. Ингэхдээ хиймэл оюун ухаан ашиглан Ленноны дуу хоолойг гаргаж, бусад гишүүдийн хөгжимдсөн аялгууг нэмж бүтээсэн байна. П.Маккартни болон Р.Старр нар өнгөрсөн жил АНУ-д нэгэн студид дуугаа бичүүлж дуусгасан бөгөөд 1995 онд тоглосон талийгаач Жорж Харрисоны гитарын гоцлолыг хүртэл багтаасан байна. Тэд "Ленноны хоолой маш тод, сэтгэл хөдлөм болсон. Бид бүгдээр оролцсон болохоор энэ бол жинхэнэ Битлз болсон" гэжээ. "Now and then" дуу нь хуучин амрагаасаа уучлал хүсэж буйгаа илэрхийлсэн хайрын дуу бөгөөд "Полын төлөө" гэсэн бичигтэй хуурцагт хадгалагдсан байжээ. Үүнийг Ленноныг нас барсны дараа түүний эхнэр Йоко Оно П.Маккартнид өгсөн байна. Улмаар 2021 онд “Beatles” хамтлагийн "Get Back" баримтат киног бүтээснээр энэ дуу алдаршиж эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.