images

Хятад улс 2023 оны хамгийн чинээлэг хүмүүсээ тодруулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-26


   Хятадын жил бүрийн хамгийн чинээлэг хүмүүсийг шалгаруулдаг “Hurun” судалгааны хүрээлэн 2023 оны хамгийн их хөрөнгөтэй 100 хүний ​​жагсаалтыг гаргажээ. Энэхүү шалгаруулалтыг 25 дахь жилдээ хийж байгаа аж. 2023 оны баячуудын жагсаалтад 700 сая доллараас дээш хөрөнгөтэй бизнесмэнүүд багтсан бөгөөд эдгээр эрхмүүдийн нийт хөрөнгө 3.2 их наяд доллар болж байгаа нь өнгөрсөн оныхоос 4 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Бизнес эрхлэгчдийн хамгийн их төвлөрөлтэй хотоор Бээжин, Шэньжэнь, Шанхай, дараа нь Хонконг, Ханжөү зэрэг хотууд нэрлэгдсэн байна. Хамгийн чинээлэг хүмүүсийн дундаж нас 59 байна. Энэ жилийн хамгийн баян хүнээр “Nongfu Spring” цэвэр ус, ундааны компанийг үүсгэн байгуулагч Чун Шаншан дахин тодров. Тэрбээр гуравдахь удаагаа хамгийн чинээлэг хүнээр шалгарч байгаа бөгөөд нийт хөрөнгө нь 62 тэрбум доллар болж байна. Тэрбээр тус улсын усны брэнд болох " Nongfu Spring" болон вакцин үйлдвэрлэгч "Вантай Био" компанийг үүсгэн байгуулагч юм. Хятадын үндэсний цахим сүлжээний аппликейшн “WeChat”-ыг бүтээгч “Tencent” компанийн Ма Хуатэнг 38.6 тэрбум долларын хөрөнгөөр хоёрдугаарт, “Pinduoduo” компанийн захирал Хуан Жэн 37.2 тэрбум долларын хөрөнгөөр гуравдугаарт оржээ. Хоёрдугаар бичигдсэн Ма Хуатэнгийн хөрөнгө 38.6 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оныхоос 9 тэрбум доллараар нэмэгдсэн байна.    “Pinduoduo” компанийн захирал 43 настай Хуан Жэний хөрөнгө өнгөрсөн оныхоос 13.8 тэрбум доллараар нэмэгдэж, энэ жилийн жагсаалтын хамгийн хурдацтай өсч буй бизнес эрхлэгчээр тодорчээ. Түүний хөгжүүлсэн “Temu” бол 2022 оны есдүгээр сард анх хэрэглээнд нэвтэрсэн онлайн худалдааны програм юм. Гарсан цагаасаа хойш тавхан сарын дотор “Amazon”, “Shopify”, “Shein” зэргийг гүйцэж хамгийн их хэрэглэгчтэй худалдааны програм болсон аж. Харин “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жэк Ма нийт 23.4 тэрбум долларын хөрөнгийн хэмжээгээрээ аравдугаар байранд оржээ. Тэрбээр 2020 онд 58.8 тэрбум долларын хөрөнгөөрөө энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан юм. Тус судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, баялаг их хэмжээгээр өссөн салбаруудад онлайн тоглоом, хагас дамжуулагч, програм хангамжийн үйлчилгээ, мөн хоол хүнс, ус ундаа, рестораны салбарууд багтаж байна. Нөгөөтэйгүүр, мэдэгдэхүйц буурсан салбаруудад үл хөдлөх хөрөнгө, нарны эрчим хүч зэрэг салбарууд зэрэг багтжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.