images

Австрали Хятадын харилцаа сэргэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-26


   Цар тахлын дэгдэлт болон эдийн засгийн хариу арга хэмжээнээс үүдэн маргаантай байсан Австрали, Хятад хоёрын харилцаа сэргэх уур амьсгалд орж байна. Ирэх сард Австралийн ерөнхий сайд Энтони Албанес Хятадад айлчлахаад товлоод байгаа бөгөөд энэхүү айлчлалынхаа өмнө найрсаг харилцааны бэлгэдэл болгож тус улсаас хууль бусаар орж ирсэн соёлын үнэт зүйлсийг Хятадад буцаан өгсөн байна. Эдгээр соёлын үнэт зүйлсэд Хятадын Тан гүрний үеийн морьтны вааран баримал, Сүй гүрний үеийн алтадмал хүрэл Будда бурхны хөрөг зэрэг багтжээ. Австралийн Урлагийн сайд Тони Берк "Хятад бол түүхэн агуу соёлт ард түмэн бөгөөд хулгайлагдсан соёлын үнэт зүйлс, урлагийн бүтээлүүдийг эргүүлэн авах эрхтэй" гэж, үүний хариуд Хятад улс талархал илэрхийлсэн байна. Өнгөрсөн хугацаанд идэвхтэй худалдаа хийж, найрсаг харилцаатай байсан Хятад, Австрали хоёр улс консерватив үзэлтэй Австралийн Ерөнхий сайд асан Скотт Моррисоны засаглалын үед ноцтой зөрчилдөх болж, улмаар хоёр орон дипломат харилцаагаа таслах хэмжээнд хүртэл муудсан юм. Гэвч өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн Хөдөлмөрийн намын Засгийн газар тангараг өргөснөөс хойш хоёр улсын хооронд худалдааны салбарт эвлэрэх уур амьсгал бий болсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн арваннэгдүгээр сард Индонезид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхий сайд Энтони Албанестай уулзаж, хоёр орны харилцааг сайжруулах бодолтой байгаагаа илэрхийлж, үүний дараа Хятад улс өндөр татварыг тэглэж, тагнуул хийсэн хэргээр шоронд хоригдож байсан Австралийн сэтгүүлчийг сулласан юм. Мөн Австрали улс Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын эсрэг гаргасан гомдлоо эргүүлэн татахаар болжээ. Австралийн ерөнхий сайд ирэх сарын 4-7-ны хооронд Хятадад айлчлах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.