images

Хориотой бүтээлийн музей нээгдэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-26


   Францын өдөр тутмын Le Monde сонины мэдээлснээр, Испаний сэтгүүлч, бизнесмен Тачо Беннетт улс төр, шашин, нийгмийн шалтгаанаар дэлгэж үзүүлэхийг хориглосон 200 орчим бүтээлийг цуглуулж музей байгуулжээ. Тус музей өнөөдөр нээлтээ хийх бөгөөд энэ нь хориотой бүтээлүүдийг нэг дор цуглуулсан дэлхийн цорын ганц музей болж байна. Уг цуглуулгад бүх эрин үеийн хорионд байсан уран зураг, баримал, хэвлэл, гэрэл зураг, инсталляци, аудиовизуал бүтээлүүд багтжээ. Музейн үзэсгэлэнгийн нэр нь “McJesus ба Always Franco”. Энэхүү үзэсгэлэнгээс Хятадын тэрс үзэлтэн, зураач Ай Вэйвэйгийн легогоор бүтээсэн Филиппо Строццигийн хөрөг, Пабло Пикассогийн "347" цувралын эротик зураг, Франциско Гойагийн "Los Caprichos"-д дүрслэгдсэн эрүү шүүлтийн аймшигтай дүр зураг  зэргийг үзэх боломжтой аж. Мөн Америкийн зураач Андрес Серраногийн өөрийн шээстэй лонхонд жижиг загалмай хийсэн "Piss Christ" нэртэй бүтээл, Аргентины зураач Леон Ферраригийн Есүсийг Америкийн сөнөөгч онгоцонд цовдолсон байдлаар дүрсэлсэн "Өрнө ба Христийн соёл иргэншил" зэрэг орчин үеийн урлагийн түүхэнд ихээхэн маргаан дагуулж байсан бүтээлүүд энд багтжээ. Уг музейг санаачлагч Т.Беннетт эдгээр бүтээлүүдийг 2018 оноос цуглуулж эхэлсэн байна. Тэр жилдээ Мадридын Сантьяго Сьеррагийн "Орчин үеийн Испанийн улс төрийн хоригдол" бүтээлийг худалдан авчээ. Уг бүтээл нь Каталоны тусгаар тогтнолын төлөөх санал хураалтад ялалт байгуулсны төлөө шийтгэгдсэн хүмүүсийн царайг дүрсэлсэн гэрэл зураг бөгөөд тухайн үед гэрэл зургийн үзэсгэлэнгээс хасагдаж байсан аж. Түүнээс хойш тууштай бүтээл цуглуулж, эцэст нь музей байгуулж чадсан Т.Беннетт "Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төв болно гэж найдаж байна" гэжээ. Мөн хүний ​​эрх, бэлгийн хүчирхийлэл, авторитар үзлийг шүүмжилсэн бүтээлүүд ч тус музейд бий.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.