images

35 жилийн турш засварлаагүй төрөх тасгийг иж бүрэн шинэчлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-07


     ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Уг тасгийн их засвар, шинэчлэлтийн ажил энэ оны 4 дүгээр сараас эхэлсэн. ЭХЭМҮТ баригдсанаас хойших 35 жилийн хугацаанд уг тасагт нэг ч засвар, үйлчилгээ ороогүй байсан бөгөөд агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчилтөрөгчийн шугам орууллаа. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчин бүрдэж байна” гэлээ. Мөн ЭХЭМҮТ-д хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцсэн тасгуудтай болохоор таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил явагдаж байгаа аж. Энэ жилийн улсын төсөвт 4.8 тэрбум суулгаж тасгуудыг шинэчилжээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн VIP  өрөө хоёрыг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийн хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой боллоо. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан” гэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.