Молдав улс Оросын мэдээллийн сайтуудад нэвтрэхийг хязгаарлав
Анд нөхдийн мэдээ
2023-10-25
Молдавын Мэдээллийн аюулгүй байдлын алба (SIS) худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Оросын 22 мэдээллийн сайтад нэвтрэх эрхийг хязгаарласан байна. Эдгээр сайтуудын жагсаалтад ОХУ-ын төрийн мэдлийн "Россия-1", "1-р суваг", "НТВ", "Мир", "RT (Russia Today)", "Звезда" зэрэг мэдээллийн хэрэгслийн сайтууд багтжээ. Аюулгүй байдлын албанаас эдгээр сайт руу нэвтрэхийг нэн даруй хаах тушаалыг интернет үйлчилгээ үзүүлэгчдэд илгээсэн тухайгаа мэдэгдэв. Өнгөрсөн гуравдугаар сард Молдав улс Оросын “Спутник” мэдээллийн агентлагийн сайт руу нэвтрэхийг мөн хязгаарласан юм. Шалтгаан нь мөн л худал мэдээлэл тараасан гэж тайлбарлаж байлаа. Мөн тус улс Украинд болж буй үйл явдлыг сөргөөр мэдээлсэн хэмээн буруутгаж, тус улс дахь орос хэл дээрх телевизийн сувгийн лицензийг түдгэлзүүлсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам Молдавын үйлдлийг "Хэвлэл мэдээллийн олон ургальч үзэл, мэдээлэл олж авах эрх чөлөөний зарчмуудыг ноцтой зөрчсөн үйлдэл" гэж шүүмжилжээ. Тус улсад 2020 онд барууны талыг баримтлагч ерөнхийлөгч Майя Санду засгийн эрхэнд гарсан цагаас эхлэн Оросыг дэмжсэн бодлогоосоо татгалзаж, барууны орнууд, тэр дундаа Европын холбоотой харилцаагаа сайжруулсан юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украины хямрал эхэлснээс хойш Молдав, Оросын харилцаа хурдацтай хүйтэрсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.