images

“The Times” сонин солонгос пасторыг Оскар Шиндлер хэмээн нэрлэсний учир?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-24


   Сүүлийн 23 жилийн хугацаанд 1000 гаруй хойд солонгос дүрвэгсдэд тусалсан өмнөд солонгос пасторыг гадаадын хэвлэлүүд онцолж, түүнийг "Оскар Шиндлерийн солонгос хувилбар" гэж нэрлэжээ. Британийн өдөр тутмын “The Times” сонины ням гарагийн дугаарт “Caleb Mission” сүмийн пастор Ким Сон Юны тусламжтайгаар Өмнөд Солонгост шинэ амьдрал эхлүүлсэн хүмүүсийн түүхийг өгүүлэхдээ ийн дүгнэсэн байна. “Caleb Mission” нь шашны үйл ажиллагаа эрхлэхээс гадна Хойд Солонгос руу чиглэсэн хүний ​​эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллага ажээ. Пастор Ким анх 1990-ээд оны дундуур Хятадад номлолын ажлаар явж байхдаа Ялу голд хөвж буй хойд солонгосчуудын цогцсыг харсан нь тэдгээр дүрвэгсдэд туслах үйлсээ эхлүүлэх шалтгаан болсон гэдэг. Тэр үед Хойд Солонгост их өлсгөлөн тохиож байжээ. Пастор Ким “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Тухайн үед голд хөвж буй шарилыг Хятадын цэргүүд модоор Хойд Солонгос тал руу түлхэн урсгахад хойд солонгосчууд буцааж түлхэн урсгаж байгаа дүр зургийг хараад ихэд цочирдсон” гэжээ. Улмаар тэдэнд туслахад бүх амьдралаа зориулахаар шийдсэнээ хэлсэн байна. Ингээд 2000 онд Хойд Солонгосоос Хятад руу дүрвэсэн нэгэн хүнд тусалж Өмнөд Солонгост авчирсан цагаас хойш өнөөг хүртэл 1012 дүрвэгчийг Өмнөд Солонгост нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ. Энэ хугацаанд тэвчихэд бэрх сорилтуудтай тулж байсан аж. Тэрбээр 2003 онд Хятадын хил дээр дөнгөж хөлдөж байсан голыг гаталж байгаад унаж хүнд бэртэл авч хүзүүгээ хугалж байжээ. Хойд Солонгосын тал түүнийг устгуулах оролдлого хүртэл хийж байсныг дурссан байна. Тэрбээр энэ оны эхээр Хойд Солонгосоос дүрвэн Хятад, Вьетнам, Лаос зэрэг орноор дамнан урт зам туулсан гэр бүлийн адал явдлыг харуулсан "Beyond Utopia" (2023) баримтат кино бүтээсэн нь “Sundance”-ийн кино наадмаас үзэгчдийн шагнал хүртсэн байна. Тус баримтат кино энэ сарын сүүлээс эхлэн АНУ, Их Британи зэрэг дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.