МУИС: Япон хэлний анги иж бүрэн тоноглосон лабораторитой боллоо
Чихэнд чимэгтэй
2023-10-20
МУИС-ийн Ази судлалын тэнхимийн япон хэл, орон судлалын ангийн оюутнууд хэлмэрчлэхүйн лаборатори буюу лингафоны танхимтай боллоо. Уг танхимыг Японы “Өвсний үндэс” соёлын буцалтгүй тусламжийн 260 сая төгрөгөөр тохижуулжээ. Улмаар 422 тоот хичээлийн танхимд хурлын зэрэгцээ буюу синхрон орчуулга хийх, цахим хуралд оролцоход шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг байршуулсан байна. Ингэхдээ НҮБ-ын хурлын танхимд ашигладаг, дэлхийд тэргүүлэгч "Bosch" брэндийн хамгийн сүүлийн үеийн орчуулгын төхөөрөмжүүдийг байрлуулжээ. Тухайлбал, зэрэгцээ орчуулга хийх хүний дуу тусгаарлагчтай хоёр бүхээгт тус бүр хоёр орчуулгын төхөөрөмж (interpreter unit), чихэвч байх бол гучин хүүхдийн багтаамжтай хичээлийн танхимд гучин хүлээн авагч төхөөрөмж, чихэвчтэй боллоо. Мөн цахим хуралд шаардлагатай микрофонуудыг байршуулснаас гадна инфра улаан туяа ялгаруулах дамжуулагч, дуу өсгөгч, "Apple" комьютер, тэдгээрийг удирдах хяналтын удирдлагын хоёр төхөөрөмж суурилуулсан байна. МУИС-ийн Ази судлалын тэнхимийн япон хэл болон орон судлалын хоёр ангид нийт 160 хүүхэд суралцдаг бөгөөд тэд сонголтоор "Япон хэлний хэлмэрчлэхүй" хичээлийг үздэг ажээ. Оюутнууд тус хичээлийг хавар, намрын аль ч улиралд сонгон долоо хоногт зургаан цаг үздэг байсан бол ирэх жилээс энэ хичээлийг заавал үзэх хичээл болгохоор төлөвлөөд байна. Мөн хэлмэрчлэхүйн лабораторийг зөвхөн тус хичээлийг сонгосон оюутнууд ашиглаж, тоног төхөөрөмжийг хэрэглэж сурах боломжтой юм. Харин өнөөдөр уг лабораторийг нээх арга хэмжээ болж МУИС-ийн захирал, япон хэлний багш нар, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки нар оролцлоо. Энэ үеэр К.Хориюки “Японы ард түмнээс өгч буй бэлэг болох энэ лабораториос монгол, япон хэлний орчуулагчдыг аль болох олныг төрүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсье” хэмээв.
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд орчуулгын төхөөрөмжөөр оюутнуудын дадлагыг сонсож буй нь.
Хэлмэрчлэхүйн лабораторийн талаар Ази судлалын тэнхимийн багш Т.Болдбаатар ярихдаа “Манай сургуульд япон хэлний хэлмэрчлэхүйн хичээл орж эхлээд хорь гаруй жил болж байна. Арван хэдэн жилийн өмнөөс энэ хичээлийг сонгосон оюутнууд бусад хэлний ангийн оюутнуудтай хамт дундын лингафоны өрөө ашигладаг болсон. Гэвч тэр нь техник, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол, хичээлд ашиглах цаг хугацааны хувьд хязгаартай байсан юм. Иймд бид гурван жилийн өмнө төсөл боловсруулж бичээд өнгөрсөн жил батлуулж зөвхөн япон хэл, орон судлалын оюутнууд дангаараа хэрэглэх боломжтой орчин үеийн тоног төхөөрөмжтөй лабораторитой болж байгаа маань энэ" гэв. Тус тэнхим нь анх удаа "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөс санхүүжилт авч төсөл хэрэгжүүлсэн нь энэ ажээ. Мөн лабораторийн нээлтийн үеэр аман орчуулгын зэрэгцэж орчуулах аргын дасгал хийж үзүүлсэн япон хэлний ангийн төгсөх курсийн оюутан Г.Цагаан-Уул “Би өнгөрсөн хаврын улиралд "Япон хэлний хэлмэрчлэхүй" хичээлийг сонгон судалсан. Ярьж байгаа хүний санааг илүү дутуугүй бүрэн дамжуулж өгөх нь тэр хүнд хүргэж буй том тус шиг санагддаг. Тиймээс чадах чинээгээрээ орчуулга хийж, цаашдаа синхрон орчуулгад тулгуурлан суралцахаар төлөвлөж байна" гэлээ.
Зэрэгцээ орчуулгын төхөөрөмж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.