Цагдаагийн хүндэт нохойг ёслол төгөлдөр оршуулав
Анд нөхдийн мэдээ
2023-10-20
БНСУ-ын Тэжон хотын цагдаагийн тусгай ангийн тэсрэх бодис илрүүлэгч, эрэлч нохой Лаки өнгөрсөн зургаадугаар сард шалтгаан нь тодорхойгүй хавдар туссан бөгөөд хавдар нь биеийн бүх хэсэгт үсэрхийлсээр эмчилгээ авалгүй үхсэн байна. Нохойн дотнын найз хэмээн өөрийгөө танилцуулсан цагдаагийн тусгай ангийн түрүүч Ли Санг-гю Лакиг онцгой гойд чадвартай, шилдэг албан хаагч байсныг дурдаад "Тэр надад үргэлж хязгааргүй хайр, итгэлийг өгдөг хамтрагч минь байсан" гэжээ. Лаки цагдаагийн албанд ирснээс хойш олон чухал үүргийг нэр төртэй биелүүлсэн байна. Тэрбээр хамгийн сүүлд энэ оны эхээр болсон цагдаагийн тусгай хүчний тактикийн үнэлгээний тэмцээнд эрэлч нохойн ажиллагааны төрөлд хоёрдугаар байрт шалгарч байжээ. Үүнээс өмнө 2017 онд БНСУ-ын Гаалийн албаны тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэгч нохойн уралдаанд гуравдугаар байр эзэлж, цагдаагийн тусгай хүчний тактикийн үнэлгээний тэсрэх бодис илрүүлэгч, эрэлч нохойн ажиллагааны төрөлд эхний хоёрдугаар байрт шалгарч, шилдэг ур чадвараа харуулсан байна. 2018 оны Пёнчаны өвлийн Олимп, 2019 оны Гванжүгийн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнд тэсрэх бөмбөг эрэх, мөн сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх зэрэг 200 гаруй даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байна. Ийн шилдэг “албан хаагч”-ийн шарилыг төрийн далбаагаар бүтээж, оршуулах ёслолыг тус хотын цагдаагийн тусгай хүчнийхэн ёслол төгөлдөр гүйцэтгэсэн аж. Улмаар ёслолын ажиллагааны үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг цагдаагийн байгууллагын дотоод сүлжээнд байршуулжээ. Дүрс бичлэгт 100 гаруй цагдаагийн албан хаагч сэтгэгдэл бичиж “Эх орныхоо төлөө зүтгэсэн зүтгэлийн чинь мартахгүй”, “Тэнгэрийн оронд битгий өвдөөрэй”гэх зэрэг үгсийг үлдээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.