images

Номын сангаас зээлж авсан номоо 90 жилийн дараа буцаан өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-20


   АНУ-ын Нью-Йорк мужийн Манхэттэн хотоос зүүн хойш 29 км зайд оршдог Ларчмонтын нийтийн номын сан руу нэгэн хүн утасдаж олон жилийн өмнө авсан номоо буцаан өгөх тухайгаа ярьсан байна. Сонирхолтой нь уг номыг 1933 онд буюу 90 жилийн өмнө авсан байжээ. Уг ном нь Британийн зохиолч Жозеф Конрадын 1902 онд бичсэн "Youth and two other stories" хэмээх нэртэй ном байв. Энэ нэгэн залуугийн Алс Дорнодоор аялж байхдаа тохиолдсон явдлыг намтар хэлбэрээр бичсэн “Залуу нас” зэрэг гурван богино өгүүллэгийн түүвэр аж. Номын сан руу утасдаж өөрийгөө Виржиниа мужид амьдардаг Жоани Морган гэж танилцуулсан эмэгтэй "Би хойд эцэг Жимми Эллисийнхээ эд зүйлсийг цэгцэлж байгаад энэ номыг олсон юм. Танай номын сангаас зээлж авсан ном байна. Би яаж буцааж өгөх вэ?" хэмээн асуужээ. Улмаар уг номыг шуудангаар илгээсэн бөгөөд номын дотор Морганы бичсэн захидал, гэрэл зураг байв. Ж.Морган захидалдаа "Манай хойд эцэг анхны эхнэр, хоёр хүүхдийн хамт Ларчмонтын номын санд ойрхон амьдардаг байсан гэдэг. Хүүхдүүддээ ном унш гэж байнга захидаг, номын сангаас байнга ном зээлдэг байсан” гэжээ. Уг номын хавтасны дотор талд Ларчмонтын номын сангийн нэр, буцааж олгох огноо байсан бөгөөд буцааж өгөх хугацаа нь 1933 оны 10-р сарын 11 гэж цэнхэр үсгээр бичсэн байв. Ийнхүү 90 орчим жилийн дараа буцаж ирсэн номын хоцроосны торгуулийг тооцож үзэхэд тус номын сангийн журам ёсоор өдрийн 20 цент гэж үзээд тооцвол 90 жилийн торгуульд 6400 доллар төлөх тооцоо гарчээ. Гэсэн хэдий ч тус номын сан торгуулийн мөнгө авахгүйгээр шийдсэн байна. Учир нь энэ ном нь одоогоор номын сангийн фондын цахим бүртгэлд байхгүй, хугацаа хэтэрсэн номын бүртгэлд ороогүй байсан аж. Номын санч “90 жилийн дараа эргэн ирсэн энэ номыг цаашид хүмүүст гэрээр олгохгүй, харин зорьж ирсэн хүмүүст уг номын сонирхолтой түүхийг ярьж өгнө” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.