“Надад санаа зовж наашаа ирэх хэрэггүй. Харин наанаа хүмүүст тусла”
Анд нөхдийн мэдээ
2023-10-20
Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хоорондох дайны улмаас аюулд өртөөд буй олон нутаг нэгтнүүдээ аварсан тайланд эмэгтэй олны талархлыг хүлээж байна. “Bangkok Post” сонины мэдээлснээр Израильд амьдардаг 40 настай Випавади Баннача хэмээх тайланд бүсгүй 15 жилийн өмнө израиль нөхрөө даган нутагт нь очиж суурьшжээ. Улмаар тэрбээр хуульч мэргэжилтэй нөхрийнхөө хамт хуулийн фирм ажиллуулж, Израиль дахь тайланд ажилчдад хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх болсон байна. Саяхан ХАМАС-ын халдлага эхлэхэд тэнд байсан тайланд ажилчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан түүнээс тусламж хүсчээ. Энэ байдлыг хараад зүгээр суугаад чадаагүй Випавади нутаг нэгт найз Напапон Сохагийн хамт дайны талбар луу очсон байна. Өдөр бүр хүний амь нас эрсдэж, энгийн иргэд барьцаалагдсан аюултай нөхцөл дунд тэд шантралгүй зүтгэсээр тусгаарлагдсан ажилчидтай уулзаж, тэднийг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан байна. Энэ явцад ажилчдаа явуулахыг хүсээгүй ажил олгогчидтой зөрчилдөх, гадаад паспорт үрэгдүүлсэн нэгний паспортыг олгуулах зэргээр олон асуудлыг шийдэж чаджээ. Тэд нийт 90 орчим ажилчныг нүүлгэн шилжүүлж аюулгүй газар очиход тусалсан байна. Түүний ачаар олон ажилчид гэр бүлтэйгээ эсэн мэнд эргэн уулзсан ч Випавади өөрөө хайртай ээжээсээ үүрд хагацжээ. Түүнийг галын шугаман дээр ийнхүү ид ажиллаж байх хооронд нутагт нь хорт хавдраар өвчилсөн ээж нь өөд болсон аж. Эх нь охиндоо “Надад санаа зовж наашаа ирэх хэрэггүй. Харин наанаа хүмүүст тусал” хэмээн захиж үлдээсэн байна. Одоо тэрбээр ээжийгээ нутаглуулахаар нутагтаа түр ирээд байгаа бөгөөд удахгүй Израиль руу буцах гэнэ. Тэрбээр “Надад ид шидийн сахиус гэж байхгүй. Израильд ажиллаж буй тайландчуудыг бурхан өршөөгөөсэй хэмээн залбирч байна” гэжээ. Израильд 30 мянга орчим тайланд ажилчин голчлон газар тариалан эрхэлдэг бөгөөд тэдний 5000 орчим нь дайны бүс болох Газын зурвасын ойролцоо оршин суудаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.