images

ХАМАС-ын барьцаанаас амьд гарсан эмээгийн гайхамшигт түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-20


   Гэрт нь дайран орж ирж барьцаалсан ХАМАС бүлэглэлийн цэргүүдтэй 20 цагийн турш хамт байж, тэднийг тайвшруулан итгэлийг нь олоод аврагдаж чадсан 65 настай израиль эмээгийн түүх израильчуудад итгэл найдвар төрүүлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Тель-Авивт айлчлах үеэрээ, барьцаанаас суллагдсан израильчуудтай уулзахад Офаким тосгоны оршин суугч Рэйчел Эд эмээ хамт байсан тухай “New York Times” сонин мэдээлэв. Энэ сарын 7-ны өглөө ХАМАС бүлэглэл Израилийн тосгон руу дайран гэнэтийн халдлага үйлдэхэд бүлэглэлийн зэвсэгт таван гишүүн эхнэр, нөхөр Давид Эдри болон Рэйчел Эд нарын гэрт дайран орж ирээд тэднийг хоёрдугаар давхрын унтлагын өрөөнд түгжжээ. Тэд улмаар өндөр настай эмээг гар бөмбөгөөр сүрдүүлж, бууны бөгсөөр цохих зэргээр аймшигтай авирласан ч Рэйчел эмээ маш тайван байж тэднийг тайвшруулж чадсан байна. Тэрбээр цагдаа нар ирэх хүртэл ямар нэгэн байдлаар амьд байхыг хүсч байснаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. ХАМАС-ын гишүүдийн нэг нь тайвширсан хойноо эмээг хараад өөрийнх нь ээж шиг санагдсанаа хэлж, эмээ ч түүнд ээж нь шиг байж, түүнд тусалж чадна гэдгээ хэлж итгүүлсэн байна. Улмаар тэднээс гэр бүлийнх нь талаар асууж цай, жигнэмэг, Кока колагаар дайлж, сэтгэл санааг нь зөөлрүүлсэн аж. Орой болоход эмээ тэдэнд хоол хийж өгч, египет дуучны араб дуу хүртэл дуулж өгчээ. "Хоол идсэнийхээ дараа тэд илүү тайвширч, бид энгийн сайхан ярилцаж байхдаа би тэднийг алан хядагчид гэдгийг хэсэг зуур мартсан" хэмээн ярьсан байна. Ийнхүү барьцаалагдаад 20 цаг орчим хоригдсоны эцэст 8-ны өглөө түүний хүү, цагдаагийн ажилтан Эвиатар Эдри аврах багийнхны хамт ирж барьцаалагчдаас суллажээ. Аврах ажиллагааны үеэр байшин ихэд сүйдсэн бөгөөд Эдригийн гэр бүлийнхэн одоогоор зочид буудалд байрлаж байна. Рэйчел эмээ 18-ны өдөр ХАМАС бүлэглэлийн дайралтаас амьд үлдсэн хүмүүс болон хохирогчдын ар гэрийнхэнтэй хамт Тель-Авив хотод ерөнхийлөгч Ж.Байдентай уулзахдаа энэ бүхнээ цухасхан дурдаж хүмүүст урам зориг хайрлахад Ж.Байден түүнд баяр хүргэж тэвэрсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.