“Ухаалаг” сармагчингуудын хоолоо олж идэх арга улам нарийсчээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-20
Саяхан Индонезийн Бали дахь сүм дотор нэгэн сармагчин жуулчин эмэгтэйн гар утсыг булааж авахад нь эмэгтэй түүнд жимс өгөөд утсаа буцаан авч байгаа дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдэж, хүмүүсийн анхаарал татаж байна. Тус бичлэгийг X (хуучнаар Twitter) зэрэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнээс хойш гурав хоногийн дотор 25 сая хүн үзсэн байна. Бас нэг бичлэг дээр сармагчин өнгөрч явсан жуулчны нүдний шилийг булааж авахад нөгөө хүн түүнд идэх юм өгнө. Хүний өгснийг голоод ажиггүй сууж байсан сармагчинд өөр амттай зүйл дахин өгөхөд ухасхийн шүүрч аваад нүдний шилийг нь буцаан өгч буй дүр зураг мөн нийтлэгджээ. Цахим хэрэглэгчид "Хүмүүсийн үнэ цэнтэй зүйлийг ашиглах нь ухаалаг хэрэг юм", "Сармагчингууд сармагчин шиг хүмүүсийг дийлэх өдөр ирнэ" гэх мэт сэтгэгдэл үлдээжээ. Нөгөөтэйгүүр, нутгийн худалдаачид жимс, хүнсээ борлуулахын тулд сармагчингуудыг жуулчдаас хулгай хийж сургасан гэх мэдээлэл гарсан ч энэ нь батлагдаагүй байна. Мэргэжилтнүүдийн үзсэнээр сармагчингууд хүмүүстэй удаан хугацааны турш харьцсаар хоолоо олж иддэг ийм "таагүй соёл" олж авсан гэж үзэж байна. Канадын Летбрижийн их сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Жан-Батист Лека "Ухаалаг” сармагчингууд үсний хавчаар гэх мэт хүний сонирхдоггүй зүйлсээс илүүтэйгээр гар утас, түрийвч, нүдний шил гэх мэт хүмүүсийн хоол хүнсээр сольж болох зүйлсийг онилдог” болохыг ажиглалтаар тогтоожээ. Судалгааны баг сармагчингууд болон хүмүүс хоорондын харилцааг судлах зорилгоор 273 хоногийн турш Балигийн сүмд очиж ажиглалтын судалгаа хийсний дүнд дээрх дүгнэлтийг хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.