images

"Уолт Диснэй" 100 нас хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-19


   Дэлхийн хамгийн том энтертэйнмент компани болох “Уолт Диснэй” 100 жилийн ойгоо тохиолдуулан видео бичлэгт суурилсан сошиал медиа "Тик Ток"-той хамтран тусгай арга хэмжээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нэг сарын турш дэлхийн өнцөг булан бүрт "TikTok"-оор зохион байгуулагдах бөгөөд шүтэн бишрэгчид нь Диснэйтэй холбоотой төрөл бүрийн видео, хөгжмийг үзэж солилцох боломжтой. Энэ нь жилийн турш болох Диснэйн 100 жилийн ойн арга хэмжээний онцлох үйл явдлуудын нэг юм. 1923 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22 настай Уолт Диснэй ах Ройтойгоо хамтран "Disney Brothers Studio" хэмээх жижиг кино компани байгуулснаар энэ байгууллагын түүх эхэлжээ. Тэр цагаас хойш хүүхэлдэйн кино, уран сайхны киноноос эхлээд зугаа цэнгэлийн парк, нэвтрүүлэг, аялал жуулчлалын чиглэлээр бизнесээ өргөжүүлсээр дэлхийд тэргүүлсэн энтертэйнмент компани болсон байна. Улмаар хөгжлийнхөө түүхэнд Микки Маус, Минни Маус, Дональд нугас, Бяцхан лусын дагина зэрэг олон алдартай дүрүүдийг бүтээсэн юм. Тус компанийн соёлыг бэлгэддэг хэллэг бол “Happily Ever After” юм. Кино, хүүхэлдэйн кино, Дисней парк зэрэг зугаа цэнгэлийн контентууд бүгд "Аз жаргалтай төгсгөл" гэсэн парадигмын дагуу ажилладаг. Энэ жил 100 жилийн ойгоо тохиолдуулан гаргахаар төлөвлөж буй "Wish" хүүхэлдэйн киноных нь гол дүрд африк, латин гаралтай охин Аша тогложээ. Цаашид ойрын 10 жилийн хугацаанд зугаа цэнгэлийн салбарт 60 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ компани саяхан зарласан бөгөөд энэ салбараас олсон нийт орлогын эзлэх хувь нь ч нэмэгдсээр байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.