Микки Маус 95 нас хүрч байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-19
Ирэх сард 95 нас хүрэх Уолт Диснейн сахиус Микки Маус нь технологийн дэвшил, цаг үетэй хөл нийлүүлэн алхахаар олон удаа өөрчлөлтийг хийсээр иржээ. 1928 оны арваннэгдүгээр сард зургаан минут үргэлжлэх “Crazy Plane” киногоор дэлгэцэнд анх гарч ирсэн Микки зөвхөн өмдтэй, хар цагаан дүрс бүхий хулгана байлаа. Улмаар цаг хугацаа өнгөрөх тусам дотуур хувцастай болж, царай зүс, хувцаслалт зэрэг нь улам өнгө нэмж хүн төрх рүү илүү ойртох болсон юм. Мөн анх үймээн самуун дэгдээгч байсан дүр нь аажмаар өөрчлөгдсөөр шударга ёсны элч болж хувирсан байна. Анхны өнгөт Микки 1932 онд хүүхэлдэйн кинонд гарсан бөгөөд гурван жилийн дараа улам өнгөлөг болж кинонд гарах болжээ. 2006 онд Микки “Mickey's Clubhouse” 3D хүүхэлдэйн кинонд эрч хүчтэй, гэгээлэг дүрээр дахин төрсөн байна. Мөн Микки нь 1978 онд Холливүүдийн алдрын гудамжинд одтой болсон анхны хүүхэлдэйн киноны дүр юм. Миккитэй хамт цаг үеийг туулсаар ирсэн дүр бол түүний амраг Минни Маус билээ. Эмэгтэй Минни урт сормуустай, улаан өнгийн толботой даашинз, өндөр өсгийтэй гутал өмсөж, тууз зүүх зэргээр уламжлалт эмэгтэйлэг дүр төрхөөр хувцасласан байдаг. Харин сүүлийн үед улс төрийн уур амьсгалд тохируулан арай өөрөөр хувцаслах болсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Парисын Диснэйлэндийн 30 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Минни банзалын оронд өмдтэй хослол, намхан өсгийтэй гутлаар гангарчээ. Үүнийг Германы канцлер асан Ангела Меркель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон зэрэг өмд өмсдөг эмэгтэй удирдагчдын дүр төрхийг тусгасан гэж тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.