Засаг дарга Д.Амаржаргал: “Тамхины ишгүй хороо” аяныг хэрэгжүүлж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-18
Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны засаг дарга Д.Амаржаргалтай хороон дээрээ хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа
Засаг даргын хувьд санаачилж хийж эхлүүлсэн ямар ажлууд байна?
Хорооны өврийн дэвтэр гаргасан. Энэ нь ямар учиртай юм гэвэл энэхүү дэвтэрт хорооны танилцуулга, ажлын албаны танилцуулга, шаардлагатай утасны жагсаалт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх заавар зэрэг иргэдэд хамгийн түрүүнд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө багтах юм. Тухайлбал гамшиг ослоос сэргийлэх заавар доторх “Бэлэн бай” нэртэй QR кодыг уншуулахад шууд Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудастай холбогдох бөгөөд эндээс шаардлагатай мэдээлэл авч болохоор хийгдсэн буй.
Үр дүнтэй хийгдсэн ажлууд юу байна?
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/321, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/304 дүгээр захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албатай хамтран хотын өнгө үзэмжид тохирохгүй гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлсэн. Тухайлбал 24 дүгээр байрны хойд талд байрлах 20 ширхэг тоосгон гарааш, 22 дугаар байрны урд байрлах 4 контейнер, 17 гарааш, хорооны байрны урд талд байрлах 26 ширхэг тоосгон гарааш гэх мэтчилэнгээр нийт 100 орчим гарааш буулгаж газар чөлөөлсөн. Эдгээр газруудыг тохижуулж зүлэгжүүлэх зураг төслийн ажил хийгдэж байна. Тохижолтын ажил хийгдэж дуусвал иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хотын үзэмжийг өнгөлөг харагдуулах ийм орон зай болох юм. Нийслэл хотод хаа сайгүй ярайж байдаг өнгө үзэмж муутай тоосгон гараашнуудаас салах цаг болсон. Энэ талын ажлуудыг хийж гүйцэтгэхэд дээд удирдлагын бодлого, дэмжлэг, мөн иргэдийн оролцоо, дэмжлэг их чухал байдаг. Энэ тал дээр манай Сүхбаатар дүүргийн удирдлагууд иргэдийн санал хүсэлтийг сонсож, тодорхой судалгаа хийж, тохижилт хийх ажлын зураг гаргахад онцгойлон анхаарч байгаад талархаж байна.
Орчны тохижилтын тухайд ямар ажил хийж хэрэгжүүлж байна?
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өрнүүлсэн “Халаасны үнсний сав хэрэглэе” аяны хүрээнд “Тамхины ишгүй хороо” аяныг эхлүүлж иргэдэд халаасны үнсний сав тарааж, хорооны нутаг дэвсгэрийн тоглоомын талбай, сүүдрэвчинд ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО санамж байршуулсан. Мөн өнгө үзэмжгүй хашаа хайсыг буулгах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Нарны гүүрнээс баруун дөрвөн зам хүртэл байгууллагуудын гадна хашаа хайсыг буулгаж явган хүний замыг шинэчлэхээр зураг төсөв хийгдэж байна. Байр, орцыг стандартын дагуу хийгдсэн хаягтай болгох “Хаягжуулалт” аяныг хорооны Хорооны Засаг даргын захирамж гаргаж Сууц Өмчлөгчдийн Холбоодтой хамтран өрнүүлж хаягжилтгүй байсан нийт 68 орон сууцны орцыг стандартын дагуу хаягтай болголоо. Эдгээр ажлуудыг хийхэд манай хорооны Эко ажилтан, хэсгийн ахлагч, эргүүлүүд сэтгэл зүрхээ зориулж, өдөр шөнөгүй хичээнгүйлэн ажилладагт талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.