АНУ-ын байгалийн түүхийн музей хүний араг ясан үзмэрүүдийг буулгажээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-18
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дэх Америкийн Байгалийн түүхийн музей нь Холливудын шинжлэх ухааны уран зөгнөлт “Night at the Museum” киноны зураг авсан газар гэдгээрээ алдартай, жуулчдын сонирхлыг татдаг газар юм. Нэг жилд зорин ирэх жуулчдын тоо хэдэн арван саяар яригдана. Тус музей 1869 онд байгуулагдсан бөгөөд 35 сая ургамал, амьтан, ашигт малтмалын сорьц хадгалдаг ажээ. Харин тэдгээрийн дотор багтсан 12 мянга орчим хүний араг яс энд харагдахаа больж байна. Учир нь музей энэ бүгдийг татан буулгах шийдвэр гаргасан байна. “New York Times” сонины мэдээлснээр, тус музей нь саяхан уламжлал болгон хадгалсаар ирсэн хүний араг ясыг дэлгэж үзүүлэх нь ёс зүй, ёс суртахууны хувьд зохисгүй гэж дүгнэж, бүгдийг нь буулгах ажлыг эхлүүлсэн тухай албаны хүн мэдээлсэн байна. Энэхүү шийдвэрийн дагуу 13 дугаар зууны үеийн монгол дайчин эрийн араг яснаас эхлээд тус музейд дэлгэн харуулсан олон мянган үзэсгэлэнгийн булан алга болно. Музей нээгдсэнээс хойшхи анхны хар арьст музейн захирал Шон Декатур өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа авсан бөгөөд өдгөө ийм шийдвэрийг гаргажээ. Тэрбээр "Өмнө нь шинжлэх ухааны салбарт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг агуулсан евгеник судлалын төлөө хүний шарил, араг яс цуглуулж шинжилдэг, эсвэл зөвшөөрөлгүй үзэсгэлэнд ашигладаг байсан нь ёс зүйн алдаатай үйлдэл юм. Өдгөө хүртэл хүний шарил, араг ясаар үзэсгэлэн гаргаж байгаа нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан ёс суртахуунгүй үйлдэл” хэмээн онцолсон байна. Түүний энэхүү бодлогод одоогийн хууль эрх зүйн зохицуулалттай нийцсэн талууд бий. Одоогоос 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан холбооны хуулийн дагуу уугуул иргэдийн шарил, араг ясыг хадгалж, дэлгэн үзүүлж буй музейнүүд түүнийг ар гэрт нь буцааж өгөх үүрэг хүлээсэн байдаг аж. Үнэн хэрэгтээ Америкийн байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй 12000 орчим араг ёсны ихэнх нь уугуул иргэдийнх байдаг ажээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд Америкийн байгалийн түүхийн музейгээс араг ясыг холбооны хуулийн дагуу үр удамд нь буцааж өгсөн тохиолдол ердөө 1000 гаруй удаа гарсан байна. Музейн захирал Ш.Декатур хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ямар ч хүн шарил нь музейн цуглуулгад байхыг зөвшөөрөөгүй" гэжээ. Тэрбээр биохимич мэргэжилтэй, хэд хэдэн их сургуульд багшилж байжээ. Музейн захирал болохоосоо өмнө Охайо мужийн Кенионы их сургуулийн захирлаар найман жил ажилласан бөгөөд энэ хугацаанд бага орлоготой оюутнуудын суралцах боломжийг өргөжүүлэх бодлогод анхаарлаа хандуулсан байна. Түүний эхнэр, Оберлин коллежийн профессор Рене Романо нь АНУ-ын ХХ дугаар зууны хар арьст иргэдийн хөдөлгөөний түүхийг судалдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.