Япон: Сүмочдыг тээвэрлэхэд “Боинг” онгоцны даац хэтрэв
Анд нөхдийн мэдээ
2023-10-18
Дунджаар 120 кг жинтэй олон тооны сүмочид нэгэн зэрэг онгоцоор зорчих болсонд Японы агаарын тээврийн компани яаралтай хуралдах хэрэг гарчээ. “Асахи” зэрэг хэвлэлийн мэдээлснээр, сүмочид Кагошима мужийн Амамио аралд болох тэмцээнд оролцохоор Токиогийн “Ханеда” нисэх буудал болон Осакагийн “Итами” нисэх буудлаас онгоцонд суухаар болжээ. Тэдний захиалсан онгоц 165 хүний суудалтай “Боинг 737-800” онгоц бөгөөд хэдийгээр зорчигчдын тоо хэтрээгүй ч даацын асуудал босож ирсэн байна. Нэгэн зэрэг 460 сүмо бөх онгоцоор зорчих болсон тухай мэдээг сонссон “Japan Airlines” компани яаралтай арга хэмжээ авч даруй хэрэгжүүлжээ. Тус компани эрэгтэй зорчигчдын дундаж жинг 70 кг гэж тооцоолдог бөгөөд 165 хүний суудалтай онгоцонд дунджаар 120 кг жинтэй сүмочид дүүртэл суулгана гэвэл жирийн зорчигчдоос 8.3 тонн орчим илүү жинтэй болж даац хэтэрнэ гэсэн үг. Иймээс тус компани “Ханеда” нисэх буудлаас түр зуурын нэмэлт нислэг гаргаж, бөхчүүдийг тээвэрлэхээр болсон байна. Улмаар тэмцээн дууссаны дараа буцах аялалд зориулж нэмэлт нислэгүүдийг мөн зохион байгуулжээ. Энэхүү нэмэлт нислэгээр тус бүр 140 кг, 130 кг, 110 кг жинтэй гурван сүмоч зэрэгцэн суусан байна. Тус онгоцоор зорчсон нэгэн оюутан хэлэхдээ "Дунд талын суудал хамгийн хэцүү байсан байх” хэмээн хошигноод "Би агаарын тээврийн компанийн энэ үйлдэлд талархаж байна. Энэ бол үнэ цэнэтэй туршлага байсан" гэжээ. “Japan Airlines” компанийн албаны хүн "Онгоцны даацын хязгаарлалтаас болж түр нэмэлт нислэг үйлдэх нь маш ер бусын байсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.