300 сая долларын хөрөнгөтэй компанийн захирал эх орныхоо төлөө тулалдахаар Израильд иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-17
Палестиний ХАМАС бүлэглэл Израиль руу гэнэтийн дайралт хийсний дараа дэлхийн өнцөг булан бүрт суудаг еврей хүмүүс эх орныхоо төлөө тулалдана гэдгээ зарлаж байна. Энэ бол Израиль улс үндэсний хямралд орох бүрт тохиолддог үзэгдэл юм. Сайн дураараа фронтын шугамд очихоо мэдэгдсэн хүмүүсийн дунд Нью Йорк дахь “Digital Asset” компанийн гүйцэтгэх захирал 42 настай Ювал Руж орсон байна. 200 гаруй ажилтантай бизнес эрхлэгч, Америкийн иргэн тэрбээр эх нутагт нь дайн дэгдсэн тухай мэдээг сонсоод шууд нислэг захиалж, Нидерландын Амстердамаар дамжин Израильд иржээ. Тэрбээр “Гэрийнхэн маань аюулгүй газарт, найз нөхөд маань амь насаараа дэнчин тавин тулалдаж байхад би Нью-Йорк хотод тайван сууж байх нь утгагүй хэрэг” гэжээ. Америкт төрж бага насаа ч тэндээ өнгөрөөсөн Ю.Руж 2009 онд цэрэгт татагдан Газын зурвасын ойролцоо албаа хаасан байна. Мөн тэрбээр өөрөө тулалдахаар шийдээд зогсохгүй фронтод тулалдаж буй цэргүүдэд төрөл бүрийн байлдааны хэрэгслийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдсэн бөгөөд байлдааны малгай, нүдний шил, бээлий, өвдөгний зөөлөвч зэргийг бөөнөөр нь авч, өөрөө машинаараа хүргэж иржээ. Түүний удирддаг “Digital Asset” компани нь Уолл Стрит дэх тэргүүлэгч санхүүгийн компаниуд болон “Samsung Electronics” зэрэг дэлхийн томоохон групптэй хамтран ажилладаг, 300 сая долларын хөрөнгөтэй компани ажээ. Мөн тэрбээр Израиль руу мордохынхоо өмнөхөн танилуудтайгаа холбогдож эх орноо хамгаалахаар явах гэж байгаагаа учирлан хандив хүсэхэд хэдхэн цагийн дотор 500 мянган долларын хандив цугларсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.