35 насандаа улсын ерөнхийлөгч болов
Анд нөхдийн мэдээ
2023-10-17
Өмнөд Америкийн Эквадор улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний ардчилсан намаас нэр дэвшигч Даниел Нобоа ялалт байгуулсан байна. Дэлхийн хэвлэлүүдэд мэдээлснийг үзвэл тэрбээр албан тушаалдаа орсноор дэлхийн хамгийн залуу ерөнхийлөгч болно гэнэ. 1987 оны арваннэгдүгээр сард төрсөн, 35 настайдаа ерөнхийлөгчөөр сонгогдож буй Д.Нобоа 1979 онд 38 настайдаа ерөнхийлөгч болж байсан Хамес Ролдос Агилерагийн рекордыг эвдэж, Эквадорын төдийгүй дэлхийн хамгийн залуу ерөнхийлөгч болж байна. АНУ-ын судалгааны “Pew Research Center” агентлагийн мэдээлснээр түүний өмнөх дэлхийн хамгийн залуу удирдагч нь Чилийн ерөнхийлөгч, 37 настай Габриэль Борич байжээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Нобоа нь Үндэсний ассамблейн гишүүн асан, гадил жимсний магнат гэгддэг бизнесмэн Альваро Нобоагийн хүү ажээ. Тэрбээр 2021 онд Үндэсний ассемблейн гишүүнээр сонгогдонгуутаа улс төрд маш амжилттай ажиллаж хоёр жил гаруйн хугацаанд ийнхүү улсынхаа төрийн хамгийн өндөр албан тушаалд хүрсэн байна. "The Guardian" сонинд "Дөлгөөн тайван, түрэмгий бус зан чанар нь түүнийг 18-30 насны сонгогчдын дунд нэр хүндтэй болгосон бөгөөд энэ нь нь нийт сонгогчдын гуравны нэгийг эзэлдэг" гэж бичжээ. Эквадор нь АНУ-тай харилцаагаа бэхжүүлэхээр ажиллаж байгаа Латин Америкийн жижиг орон бөгөөд энэ оны тавдугаар сард Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зэргээр Хятадтай мөн харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.