Энэтхэгийн Гоман дацанд хоёр монгол лам лхаарамба цол хамгаална
Чихэнд чимэгтэй
2023-10-17
1990 оноос хойш Бурханы номд шамдсан олон монгол хөвгүүд Энэтхэгт очиж суралцсанаас лхаарамба хэмээх өндөр цолд ердөө хоёр хүн хүрсэн бол ирэх 11 дүгээр сард дахин хоёр монгол лам энэ цолыг хамгаалах гэж байна. Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд дамжаа барих тэрхүү хоёр ламын ахмад нь Дархан-Уул аймгийн уугуул Х.Дархан юм. Эдүгээ 45 настай тэрбээр Хараагийн Дар эх ламын хийд буюу Гэцогдаржаалин хийдэд 15 настайгаасаа шавилаад удалгүй Улаанбаатарын Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд иржээ. Улмаар Баруун багш хэмээх гэвш Сэр-Од, гавж Д.Цэрмаа, лхаарамба Дашжамц, гавж Зундуйжамц, гавж Амгалан нараар ном заалган гэцэл, гэлэнгийн санваар, гэвшийн мяндаг дараалан хүртээд 2003 онд Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд шавилан Буддын шашны гүн ухааны номуудыг гүнзгийрүүлэн үзсэн байна. 2015 онд өөрийн анги зиндааны номыг бүрэн судалж дүүргээд лхаарамбын дамжаа барихад бэлтгэн эхэлж улмаар нутагтаа ирэн 2022 онд Гандантэгчинлин хийдийн Дашчойнпэл дацанд гавжийн дамжаа барьжээ. Тэрбээр ийнхүү лхаарамба цол авахын урьдчилсан нөхцөл болсон бүхий л шалгалт шүүлгийг бүрэн гүйцээсэн тул ирэх 11 дүгээр сард Буддын гүн ухааны энэ өндөр дээд цолыг хамгаалах гэж байна. Лхаарамба цол хамгаалах хоёр ламын нөгөө нь Архангай аймгийн уугуул Я.Түвшинбаяр бөгөөд түүний аав Ядмаахүү Архангай аймгийн Хангай, ээж Паньджунай нь Тариат сумын уугуул бөгөөд тэднийх энэ хоёр суманд ажиллаж, амьдарч иржээ. Хангай, Тариат сум нь хуучин Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны нутаг бөгөөд тус хошуунаас шашин номын олон мэргэд төрөн гарч байсны дотор Түвдийн орноо номын оргилд хүрч лхаарамба цолыг хүртсэн Лувсандандар, түүний шавь Сэнгээ ринбүчий нар юм.
1930-аад онд Монголд Буддын шашин номыг устгаснаас хойшх 100 шахам жилийн хугацаан дахь анхны лхаарамба цолтон нь Сүхбаатар аймагт төрж, нутгийнхаа Эрдэнэмандал хийдэд анхлан шавилаад Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацан, улмаар 1998 оноос Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2017 онд лхаарамба цол хамгаалсан Дуламрагчаагийн Жавзандорж бол удаах нь 1994 оноос хойш мөн Гоман дацанд 24 жил тасралтгүй суралцаж 38 насандаа энэ цолд хүрсэн Цэдэндамбын Бат-Итгэл юм. Энэ өндөр цолыг хүртэхийн тулд Буддын гүн ухааны таван боть номыг 16 жилийн тусгай хөтөлбөрөөр суралцаж дүүргэн шалгалтанд орох эрхээ авдаг бөгөөд улмаар зургаан жилийн турш завсаргүй үргэлжлэх аман, бичгийн болон ном хаялцах шалгалтад тэнцэж байж лхаарамба цолыг хүртдэг байна.
Зураг дээр: Гоман дацангийн зургаан монгол гэвшээс өнөө жил хоёр нь лхаарамба, дөрөв нь гавжийн дамжаа барина. Баруун гараас хоёр дахь нь Х.Дархан, зүүн гараас гурав дахь нь Я.Түвшинбаяр.
Гэрэл зургийн эх сурвалж: Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийд, Гоман дацан, лам Б.Одгэрэл.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.