images

Криштиану Рональдуг ташуурдана, ташуурдахгүй...

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-16


   Хөлбөмбөчин Криштиану Рональду Азийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тоглолтонд оролцохоор Иранд очсоныхоо дараа ташуурдуулах шийтгэл хүлээх болсон тухай мэдээлэл олон улсын хэвлэлд гарчээ. Гэвч үүнийг тус улсын эрх баригчид үгүйсгэсэн байна. Юу болсон талаар тодруулбал К.Рональду өнгөрсөн сарын 18-19-нд Ираны нийслэл Тегеран хотод айлчилж, тус улсын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн нэр хүндтэй баг болох "Персеполис"-ын эсрэг хэсгийн тоглолтоо хийсэн юм. Энэ үеэр тэрбээр хагас саажилттай, хөлөөрөө зураг зурдаг зураач Фатима Хамами гэх бүсгүйтэй танилцжээ. Ф.Хамами өөрийгөө К.Рональдугийн шүтэн бишрэгч гэдгээ хэлээд түүний хөргийг зурж бэлэглэсэн байна. Үүнд талархсан К.Рональду Фатима бүсгүйг тэврэн толгой дээр нь үнсэж талархлаа илэрхийлжээ. Үүний дараа Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр К.Рональдуг буруутгасан гэх мэдээлэл цацагдсан байна. Иранд эсрэг хүйсийн гэрлээгүй хүнтэй биеэр ойртон харьцахыг завхайрсан үйлдэл гэж үздэг аж. АНУ-ын “New York Post” сонин Ираны хэвлэлээс эш татан К.Рональдуг Ираны хуулийн дагуу 99 удаа ташуурдах шийтгэл хүлээнэ гэжээ. Харин үүний дараа тус улсын эрх баригчид, тухайлбал Испанид суугаа Ираны Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж "Иранд айлчилсан гадаадын тамирчны талаарх худал мэдээллийг бид эрс няцааж байна" гээд "Рональду Иранд хоёр өдрийн турш айлчилсан бөгөөд манай Засгийн газар түүнийг талархан хүлээж авсан. Фатами Хамамитай хийсэн чин сэтгэлийн, хүмүүнлэг уулзалт нь Ираны ард түмэн болон спортын удирдлагуудын талархал, хүндэтгэлийг хүлээсэн" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.