images

Америкийн тэрбумтан өөд болохоосоо өмнө ихэнх хөрөнгөө буяны санд хандивлажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-11


   АНУ-ын тэрбумтан, шилдэг хандивлагч, дэлхийн татваргүй барааны DFS дэлгүүрийг үүсгэн байгуулагч Чарльз Чак Фини 92 насандаа өөд болов. Тэрбээр тэтгэвэрт гарахдаа өөртөө 2 сая доллар, таван хүүхэддээ тодорхой хөрөнгө үлдээгээд бусдыг нь буяны хандив болгон өргөсөн бөгөөд өөд болох хүртлээ эхнэрийн хамт Сан Франциско хотод энгийн хоёр өрөө жижигхэн байр хөлслөн амьдарч байжээ. 2020 он хүртэл Ч.Фини өөрийн хөрөнгөө “Atlantic Philanthropy” буяны сангаар дамжуулан их сургууль, эмнэлэг, урлагийн галерейд хандивласан байна. Ийн хандив өргөхдөө нэрээ нууцалдаг байжээ. Улмаар бүх хөрөнгөө хандивласны дараа хандивын сангаа татан буулгана гэж мэдэгдсэн юм. “New York Times” сонин “Фини амьдралынхаа туршид найман тэрбум долларын хөрөнгөө хандивласан нь хандивын соёл өндөртэй АНУ-д хүртэл маш ховор тохиолдол” хэмээн онцолжээ. Тэрбээр насан туршдаа хэмнэлттэй амьдарч ирсэн аж. Түүний үүсгэн байгуулсан татваргүй барааны дэлгүүр болох DFS нь нисэх онгоцны буудал болон бусад газруудад төрөл бүрийн тансаг хэрэглээний бараа борлуулдаг байсан ч тэр өөрөө бугуйн цаг авахад 15 доллараас илүү мөнгө зарцуулдаггүй байжээ. Мөн баячуудын бэлгэ тэмдэг болсон тансаг дарвуулт онгоц худалдаж аваагүй бөгөөд ажил, томилолтоор явахдаа онгоцны энгийн зэрэглэлийн суудалд суудаг байв. Түүгээр ч үл барам ихэнхдээ метро, ​​автобус, таксигаар зорчдог байсан байна. Хэдийгээр тэрбээр асар их хөрөнгө хуримтлуулсан амжилттай бизнес эрхлэгч боловч анхнаасаа чинээлэг байсангүй. 1931 онд Нью Жерси мужид энгийн гэр бүлд төрсөн Фини багаасаа л гольфын талбай зэрэг газарт цагийн ажил хийж мөнгө олдог байжээ. Амжилттай бизнесмэн болсныхоо дараа 1982 онд буяны сан байгуулан чин сэтгэлээсээ хандив өргөж эхэлсэн байна. “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс түүний талаар "Гайхалтай үлгэр дуурайлал, хамгийн сайн үлгэр жишээ" гэж хэлсэн байдаг. Амьд ахуйдаа “Миний ухаан санаанд хэзээ ч өөрчлөгдөхгүй нэг бодол бий. Баялгийг хүмүүст туслахад ашиглах ёстой" хэмээн хэлж байсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.