Австри эмэгтэй Өмнөд Солонгосын уяман өвчтөнүүдийг 39 жил асарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-06
Өмнөд Солонгосын Сорокдо арал дээр уяман өвчтэй өвчтөнүүдийг 39 жил асарч, "Сорок арлын сахиусан тэнгэр" гэж нэрлэгдэх болсон Австри улсын иргэн, сувилагч Маргарет Писсарек саяхан 88 насандаа өөд болсон билээ. Түүний гэрээслэлийн дагуу шарилыг нь шинжлэх ухааны салбарт ашиглахаар анагаахын сургуульд өгөхөөр болсон байна. Талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр оршуулах ёслол үйлдсэний дараа шарилыг Австрийн Инсбрук хотын Анагаах ухааны их сургуулийн анатомийн тасагт өгнө гэж мэдэгджээ. Түүний дүү Норберт Писсарек “Тэрбээр эрүүл мэнд нь муудахаас өмнө шийдвэрээ гаргаж, амьдрал нь дууссан ч биеийг нь бусдын сайн сайхны төлөө зориулахыг хүссэн” гэжээ. Маргарет Писсарек нь Австрийн үндэсний сувилахуйн коллежийг төгсөөд 1966 онд Өмнөд Солонгосын Сорокдо арлын уяман өвчтөнүүдийн эмнэлэгт сувилагч хэрэгтэй гэсэн зарын дагуу сайн дурын ажилтнаар анх ирсэн хүн юм. Энэ цагаас хойш тус эмнэлэгийн өвчтөнүүдийг асарч сувилах ажилд бүх амьдралаа зориулсан бөгөөд католик шашинт эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн дэмжлэгээр тус эмнэлэгт эм тариа нийлүүлж, нярайн тасаг, сүрьеэгийн тасаг, нийтийн халуун усны газар байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан байна. Ингэх явцдаа өөртөө хөрөнгө мөнгө огтхон ч хураагаагүйгээр үл барам нас барсан өвчтөнүүдийн хувцсыг засч янзлан өмсөж, хуучин байранд амьдарсаар иржээ. Ингээд 2005 оны арваннэгдүгээр сард нас өндөр болсны улмаас энэхүү буяны ажлаа орхиж нутаг буцав. Тэрбээр нутагтаа очиж асрамжийн газарт амьдарч байгаад өнгөрсөн сарын 29-нд зүрхний шигдээсээр өөд болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.