Орос, Украин хоёр улс хэлэлцээ хийх үү?
Анд нөхдийн мэдээ
2023-10-06
Орос, Украины дайн ид үргэлжилж байгаа энэ үед Италийн Батлан хамгаалахын сайд ирэх хавар хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууна хэмээн таамаглаж буйгаа илэрхийлэв. Тус улсын ANSA агентлагийн мэдээлснээр, сайд Гидо Кросетто Ромд болсон “Делле Сита” наадамд оролцох үеэрээ "Ирэх хавар хоёр тал бүх зэвсгээ шавхах үедээ яриа хэлэлцээ хийх боломжтой. Би энэ нь зөв цаг байж магадгүй гэж бодож байна" гэжээ. Мөн тэрбээр Украины сөрөг довтолгооны эсрэг Оросын хариу арга хэмжээ энэ өвөл болно гэж таамаглаж буйгаа хэлсэн байна. Дайн үргэлжилж байгаа энэ үед Украиныг дэмжиж ирсэн Европт сумны хомсдол нүүрлээд байна. Саяхан Британийн “Telegraph” сонин нэрээ нууцалсан цэргийн өндөр албан тушаалтны үгийг эш татан Их Британи Украинд өгч чадах зэвсгээ бараг дууслаа гэж мэдээлэв. Барууны холбоотны ноён нуруу болсон АНУ Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоорондын зөрчилдөөний улмаас өнгөрсөн сарын 30-нд Конгрессоор баталсан түр төсвөөс Украинд үзүүлэх 24 тэрбум долларын цэргийн тусламжийг хасчээ. Бүгд найрамдах намын байр суурь бол Украинд зарцуулж буй мөнгөний хэмжээг бууруулж, хууль бус цагаачидтай тэмцэх зэрэг дотоодын хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулах нь чухал гэсэн байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргүүд Крымийн хойгийг оролцуулаад Украиныг бүхэлд нь орхих хүртэл энхийн хэлэлцээ хийхгүй гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа ч Европ болон АНУ-аас тус улсад үзүүлэх дэмжлэг тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.