Х.Ахжол: Монголынхоо нэрийг олон улсын тавцанд хоёр ч удаа өндөрт өргөж чадсандаа маш их баяртай байна
Чихэнд чимэгтэй
2023-10-04
ЮНЕСКО-гоос зарласан олон улсын гэрэл зургийн уралдаанд Баян-Өлгий аймгийн казах хүү амжилттай оролцсон талаар бид мэдээлсэн билээ. “Торгоны зам залуусын нүдээр” хэмээх уг уралдаанд 14-17, 18-25 насны ангилалд дэлхийн 100 гаруй улсаас 6700 оролцогчийн бүтээл ирснээс түүний бүтээл эхний ангилалд гуравдугаар байр эзэлсэн юм. Манай сурвалжлагч түүнтэй уулзаж товчхон ярилцлаа.
- Өөрийгөө танилцуулна уу?
- Намайг Хайнарын Ахжол гэдэг. 17 настай. Баян-Өлгий аймагт төрж өссөн. Одоо их сургуулийн олон улсын шалгалтанд бэлдээд байж байна. Гэрэл зураг бол миний хобби юм. Хажуугаар нь бас боксын спортоор хичээллэдэг. Өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальтай, дэд мастер цолтой.
- Гэрэл зураг хэдийнээс, хэрхэн сонирхох болов?
- Дөрөв, таван жилийн өмнө хөдөө байхдаа аавынхаа камераар зураг авч эхэлсэн. Өглөө зургаан цаг гэж босоод аппаратаа бариад гараад явчихдаг байлаа. Цэвэр сонирхлоороо л доо. Халуун хүйтэн, өвөл зун хамаагүй гарч алхаад гоё зургийн эрэлд гарна. Ингэж явсаар эхлээд аймгийн хэмжээний гэрэл зургийн уралдаанд орж үзсэн. Гэвч амжилт гаргаагүй.
- Ихэнхдээ ямар төрлийн зураг авдаг байв?
- Яг баримталсан төрөл байхгүй. Нүдэнд сайхан харагдсан болгоныг л авна.
- Гэрэл зураг авч сурахад зааж чиглүүлсэн багш байсан уу?
- Байхгүй. Зүгээр л өөрийнхөөрөө зургаа аваад гэртээ ирээд аав ээждээ үзүүлж зөвлөдөг байлаа.
- Зураг авдаг болоод ямар уралдаан тэмцээнд оров?
- 2021 онд Монголын гэрэл зургийн холбооны цахим хуудсан дээрээс олон улсын гэрэл зургийн уралдаан болж байгаа тухай мэдээ олж харсан. Тэр нь багийн уралдаан байсан тул найз А.Ерханат болон Б.Алирахман нарын хамт зургуудаа явуултал эхний шатанд тэнцсэн хариу ирлээ. Ингээд Японы Хигашикава хотоос зохион байгуулсан долоо дахь удаагийн ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон олон улсын гэрэл зургийн уралдаанд оролцохоор болсон юм. Уралдаанд 19 улсын 21 гэрэл зурагчин хүүхэд оролцсоноос бид гурав Монголоо төлөөлж оролцоод шүүгчдийн саналаар түрүүлсэн. Энэ тэмцээний эхний шалгаруулалт Монголд болоход чөлөөт сэдвээр зургаан зураг явуулсан юм. Хоёр дахь шатны шалгаруулалтад цаанаас тавьсан болзол ёсоор гэр бүлийн сэдэвтэй 12 зураг явуулсанд тэнцээд Монгол улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцох болсон. Дараагийн шалгаруулалт Японд болохоор болоод “Хүсэл мөрөөдөл”, “Холбоос” гэсэн сэдвээр мөн 12 зураг явуулсан. Наймдугаар сард зургаа явуулчихаад байж байтал 11 дүгээр сарын 8-нд хариу нь гарч бидний зураг тэргүүн байр эзэлсэн байлаа. Энэ амжилтаараа 2021 оны Монгол улсын онцлох хүүхэд болсон. Уралдааны шагнал нь Япон улсаар аялах эрх байлаа. Тэр үед цар тахал гарсан байсан тул аялал хойшилсоор 2023 онд тус улсыг зорьж очлоо.
- Хигашикава хотод ямар арга хэмжээ болов?
- Ёслолын арга хэмжээн дээр хотын дарга нь ирж шагнал гардуулж байна лээ. Ингээд хотоо танилцуулаад дараа нь хотоороо аялуулсан. Яг хотоор ч биш байгалийн сайхан газруудаар аялуулсан. Аялалд Монгол, Мьянмар, Тайланд, Индонез, Франц, Колумб, Японы ахлах сургуулийн сурагч хүүхдүүд хамтдаа долоо хоног явсан.
- Үүний дараа ямар уралдаан тэмцээнд оролцов?
-Дараагийнх нь яг тэмцээн биш. 2022 онд Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд би хоёр найзтайгаа хамт Японы ахлах сургуулийн сурагчидтай хамтарч Монголдоо гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Үүний дараа саяын ЮНЕСКО-гоос зарласан уралдаанд оролцож байр эзэллээ.
- Энэ уралдааныхаа талаар жаахан тодруулаач?
- ЮНЕСКО-гоос зарласан энэ удаагийн уралдаан нь тав дахь удаагаа болж байгаа. 14-17 насны, 18-25 насны гэсэн хоёр ангиллаар явагддаг юм билээ. Би эхний ангилалд ганцаар бие дааж оролцсон. Энэ уралдааны талаар Фэйсбүүкээс анх олж харсан юм. Тэгээд эхний шалгаруулалтад 12 зураг явуултал тэнцсэн гэсэн хариу ирлээ. Улмаар зохион байгуулагчид миний 12 зургаас гурван зураг сонгоод, тэдгээрт тайлбар бичиж явуулна уу гэж хүсдэг юм байна. Тэр даруй зургийнхаа тайлбарыг бичээд явуулсан даа.
- Гурван зураг нь ямар зураг байв?
- Эхнийх нь хөдөө байдаг миний нагац өвөөгийнх эсгий гэрээ барьж байгааг харуулсан зураг. Дараагийнх нь манай Өлгий хотын дулааны цахилгаан станцын уур, утаа олгойдон гарч байгаа агшныг харуулсан зураг, гурав дахь нь манантай өдөр нэгэн үйлдвэрийн байрыг дээрээс нь авсан зураг байлаа. Энэ гуравтаа тайлбар хийгээд өөрийнхөө танилцуулгын хамт явуулсан. Мөн ийм уралдаанд оролцож байгаа тухайдаа аав ээжээсээ зөвшөөрөл авч явуул гэсэн байсныг ёсоор болгов. Ингээд байж байтал энэ сарын 20-ны үеэр хүмүүс ЮНЕСКО-гоос холбогдож буйгаа хэлээд “What’s up”-аар ороод ирлээ. Тэгээд надаас ярих боломжтой байгаа эсэхийг асуугаад хэдэн асуултад хариу авсан. Хэзээнээс зураг авч эхэлсэн, энэ зургуудаа хаана авсан бэ гэх зэрэг энгийн хэдэн асуулт асууж англиар ярилцсанаас гадна өөр гэрэл зураг байгаа эсэхийг асууж байна. Ингээд хөдөө гадаа явж байхдаа авсан найман зураг нэмж явууллаа. Тэгтэл маргааш нь над руу “Livestreaming” явуулаад Хятадад болж буй шагналт байрууд зарлах, шагнал гардуулах ёслол руу орж холбогдохыг хүссэн. Ингээд хэлсэн ёсоор үзэхэд миний зураг гуравдугаар байр эзэлсэн байлаа. Би маш их баярласан. Монголын минь нэр тийм өндөр олон улсын тавцанд гарч, би түүнийг хоёр дахь удаагаа гаргаж чадсандаа үнэхээр их баярласан. Надад өгсөн мэдээллээр энэ уралдаанд 100 гаруй орны 6700 гэрэл зурагчин оролцсон гэсэн.
- Шагналын тухайд?
- Ямар ч байсан гуравдугаар байр эзэлснээ мэдсэн. Шагналын талаар и-мэйлээр мэдээлэл явуулна гэсэн. Одоогоор хараахан ирээгүй байна.
- Уралдаанд нэг, хоёрдугаар байр эзэлсэн зургуудыг харсан байх. Чамд ямар санагдав?
- Утгын хувьд дажгүй сайн санагдсан. Яг үнэндээ миний зураг ч бас нэгдүгээр байр эзэлж болох юм байна гэсэн бодол төрсөн шүү. Зургийнхаа тайлбарыг илүү сайн хийх байж дээ гэж бодогдсон.
- Манай уншигчдад аав, ээж хоёроо танилцуулна уу?
- Аав ээж хоёр минь төрөлх нутагтаа амьдардаг жирийн сэхээтэн хүмүүс бий. Сая олон улсын уралдаанд орж шагнал авсанд аав, ээж хоёр, бас дүү нар минь хамгаас их баярласан даа.
ЮНЕСКО-гоос зарласан уралдаанд III байр эзэлсэн зураг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.