Хятадын эрдэмтэд 8201 метрийн өндөрт судалгаа хийж байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-03
Хятадын 18 эрдэмтнээс бүрдсэн хайгуул, шинжилгээний баг өчигдөр далайн түвшнээс дээш 8201 метрийн өндөрт орших дэлхийн зургаа дахь ноён оргил Чо-Ойюд амжилттай авирч гарсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Түвдийн өөртөө засах орон, Балбын хил дээр Гималайн нуруунд орших тус оргил нь дэлхийн ноён оргил Эверестээс зүүн тийш 30 орчим км зайд оршдог ажээ. Улмаар тус агентлаг "Хятадын шинжлэх ухааны экспедиц 8000 метрээс дээш өндөрт анх удаа амжилттай авирсан" гэжээ. Эрдэмтэд хэт өндөрт автомат цаг уурын станц суурилуулах, оргил дээрх мөс, цасны зузааныг хэмжих, цас, мөс, чулуулгийн дээж цуглуулах зэрэг эрс тэс нөхцөлд шинжлэх ухааны янз бүрийн даалгавруудыг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Судалгааны багийг ахалж буй Хятадын Шинжлэх ухааны академийн судлаач Яо Тандун “Энэ экспедиц нь шинжлэх ухааны асар их ач холбогдолтой юм. Чо-Ойю оргил бол 8000 метрээс дээш өндөртэй уулын оргилуудын дундах хамгийн зузаан мөс, цастай газар” гэжээ. Хайгуулын багийнхан тус оргилд гарахдаа далайн түвшнээс дээш 4950м, 5700м, 6450м, 7100м өндөрт цаг уурын автомат станцуудыг суурилуулсан байна. Эдгээр цаг уурын станцууд нарны зай хураагуураар ажилладаг бөгөөд хэвийн нөхцөлд хоёр жил ажилладаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.