images

Илон Маск Мексикийн хилийн дагуу хана босгохыг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-02


   “Тесла” компанийн захирал Илон Маск АНУ болон Мексикийн хил дээр Трамп маягийн хана барихыг уриалав. Өнгөрсөн 29-ний өдөр “X” хуудсандаа мэдээлснээр, тэрбээр урд өдөр нь Техасын өмнөд хэсэг, Мексиктэй хиллэх “Ийгл Пасс” хэмээх газарт очсон байна. Тэр үедээ “X”-ээр 4 минут орчим шууд дамжуулалт хийж санал бодлоо илэрхийлсэн бөгөөд түүнтэй хамт Техасын Бүгд найрамдах намын төлөөлөгч Тони Гонзалес явжээ. Энэ тухайгаа "Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, юу болж байгааг өөрийн нүдээр харахын тулд хил дээр очсон" гээд Трамп маягийн хилийн хана босгох хэрэгтэйг онцолсон байна. Мөн тэрбээр "Бид хана босгох хэрэгтэй юм байна. Орогнол хүсэх гэж байгаа хүмүүсээс яг бусадтай адил баталгаа, нотлох баримт шаардах ёстой" хэмээн онцолжээ. Улмаар "Би өөрөө цагаач хүн учраас ямагт цагаачдын талд байдаг. Гэхдээ хууль бус зүйл шаардаж байгаа хүмүүсийг АНУ-д орохыг зөвшөөрч болохгүй” гэсэн байна. Илон Маск өөрөө Өмнөд Африкаас гаралтай цагаач хүн юм. Мөн үүнээс гадна тэрбээр Америкийн улс төрчдийг Украины хилийг Америкийн хилээс илүү чухал гэж үзэж байгааг шүүмжилж, Нью-Йорк зэрэг хотууд олон тооны цагаачдаар дүүрсэн байгааг онцлон хэлжээ. Ерөнхийлөгч асан Дональд Трамп бүрэн эрхийн хугацаандаа цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталж, Мексиктэй залгаа хил дээр хана хэрэм босгохыг уриалсаар ирсэн юм. И.Маск ерөнхийлөгч асан Д.Трампын дэвшүүлсэн хилийн ханын бодлогыг дэмжиж байгаагаа ийнхүү илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.