Гайана улс эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орон болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-02
Цагаан будаа, чихрийн нишингийн хараат хөдөө аж ахуйн орноос хөгжиж буй газрын тос олборлогч орон болон хувирсан Өмнөд Америкийн жижиг улс Гайана энэ жил дахин эдийн засгийн гайхалтай өсөлттэй байх төлөвтэй байна. “Bloomberg News” зэрэг хэвлэлүүдийн мэдээлснээр, ОУВС-гийн албаны хүн Гайанагийн эдийн засаг энэ онд 38 хувиар өсөх судалгаа гарсан тухай өгүүлжээ. “ExxonMobil” компани анх 2015 онд тус нутагт их хэмжээний түүхий нефтийн нөөц байгааг илрүүлснээс хойш тус улсын эдийн засаг сүүлийн таван жилийн хугацаанд дөрөв дахин өссөн бөгөөд энэхүү өсөлт одоо ч үргэлжилсээр байгаа аж. Цаашид 2024-2027 оны хооронд шинээр батлагдсан газрын тосны гурван талбай ашиглалтад орж, 2028 оны эхний хагаст зургаа дахь талбай өрөмдлөгөө эхлүүлснээр түүхий газрын тосны олборлолт хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Тус улсын түүхий нефтийн олборлолт энэ жил 390 мянган баррель байсан бол 2027 он гэхэд нэг сая гаруй баррель болж өснө тооцоо бий. Ингэснээр тус улс энэ хурдаараа ирээдүйд Кувейтийг давж, нэг хүнд ногдох түүхий нефтийн нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт орох төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг 62.3 хувиар өсөж, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орон болсон юм. Гайана улсын эдийн засгийн өсөлтийг тайлагнаж буй газар ганц ОУВС биш юм. “BMI Research” байгууллага мөн тус улсын ДНБ ирэх таван жилд 115 орчим хувиар өснө гэж мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.