Хиллари Клинтон “Emmy Awards” шагнал хүртлээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-02
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус улсын өргөн нэвтрүүлгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох мэдээ, баримтат киноны “Emmy Awards” шагналыг хүртлээ. Өнгөрсөн сарын 28-ны өдөр Манхэттэнд болсон 44 дэх удаагийн наадмаар "Улс төр, хүний эрхийн онцлох баримтат киноны төрөл"-д охин Челси Клинтоны хамт ялагчаар тодорсон тухай “The Hollywood Reporter” сонин мэдээлэв. Харин энэ удаагийн шагнал гардуулах ёслолд ээж охин хоёр биечлэн оролцоогүй байна. Шагнал хүртэх болсны учир нь хатагтай Хиллари болон Челси нар 2022 оны 9-р сард “Netflix” дээр гарсан "In Her Hands" баримтат киноны продюсерээр ажилласан ажээ. Тус баримтат кинонд 26 настайдаа Афганистаны хамгийн залуу эмэгтэй хотын дарга болсон Зарифа Гафаригийн итгэл найдвар, тэмцэл өрсөлдөөн болон Талибанчуудын заналхийллийн аюулын тухай өгүүлсэн байна. Уг киноны зураг авалтыг 2021 онд Талибанчууд Афганистаныг хяналтандаа авахаас хэдхэн сарын өмнө авч дуусгажээ. Уг кино мөн "Шилдэг найруулга" болон "Шилдэг эвлүүлэг"-ийн төрөлд нэр дэвшсэн байна. “Emmy Awards” шагнал нь Америкийн өргөн нэвтрүүлгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд “Primetime Emmy Awards”, “Daytime Emmy Awards”, “Sports Emmy Awards”, “News/Documentary Emmy Awards” гэж хуваагддаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.