images

Ховд хотод морьтой явахыг хориглож байжээ

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-09-29


   XIX-XX зуунд, ялангуяа Ардын хувьсгалаас өмнө Монгол орноор аялсан гадаадын элч төлөөлөгч, жуулчин, судлаач, эрдэмтэн, худалдаачдын бичсэн, манай уншигч олны хүртээл төдийлөн болж байгаагүй олон тэмдэглэл өнөө цагт монголоор орчуулагдан тэр үеийн Монголын үнэн байдлыг мэдэхийг хүссэн хүмүүсийн талархлыг хүлээсээр байгаа билээ. Бид эдгээрийн зах зухаас ч болов уншигч олондоо толилуулахыг зорьж байгаа бөгөөд энэ удаа Оросын эрдэмтэн, монгол судлаач А.Позднеевийн тэмдэглэлээс сонирхуулж байна. Профессор А.Позднеев XIX зууны сүүлээр Монголд хоёр ч удаа ирсэн бөгөөд аяллынхаа үр дүнг нэгтгэн “Монгол орон ба монголчууд” хоёр боть ном бичиж 1892 онд Санкт-Петербург хотод хэвлүүлснийг орчуулагч Б.Гэрлээ монгол хэл рүү хөрвүүлж байгаа юм. А.Позднеевийн 1887 онд гаргасан "Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай найруулал" номыг Б.Гэрлээ өнөө жил орчуулсан гаргасан билээ.   

“...Өргөөшөө 15 сажингийн хэмжээтэй их зээлд өндөр цэмцгэр улиангар модод эгнүүлж тарьсан нь тун чиг өнгө нэмж, Монгол нутгийн зэгэл саарал орчинд дасал болсон нүдийг ёстой л баясгана.

   Ер энэ нутгаар аялсан аялагч бүрийн тэмдэглэлд Ховд хотын гудамж хэдий цэвэр цэмцгэр байдгийг өгүүлсэн шиг санагдана, өдгөө хотынхон ахуй орчноо уламжлал ёсоор сахин хайрлаж байна. Гудамж нь цэвэрхэн төдийгүй чимээ шуугиангүй, аль нэг монгол сагсууран давхиулж, эсвэл хятад хот, тэр байтугай Бээжингийн салшгүй нэгэн шинж болсон өмхий ханхалж хамраа барих огтхон ч шаардлагагүй юм. Ховдын эмх журмыг хэрхэн сахиулдаг тухайд намайг ирэхэд гудамжны уулзварын хашаа, сүм хийд, яам тамга дээр нааж түгээн, хотын иргэдийн ахуй байдлыг бүрнээ илтгэх хуувийн сайдын баталсан журмыг энд эшлэн оруулъя.

   Журам ёсоор хотод мориор явахыг хатуу хоригложээ. Тэрхүү журмыг орчуулбаас “Саяхан Халхын лам Лувсан сархад хүртэж халамцан согтоод хотын гудамжны амар тайван байдлыг алдагдуулж, шуугиан дэгдээж, агсамнан мориор давхиж, эмх журмыг алдагдуулав. Иймээс мөнөөх Лувсан ламыг яаманд хорьж, хүзүүнд нь сарын турш дөнгө зүүж, улмаар олны өмнө ташуурдан шийтгэж, төрсөн хошуунд нь илгээхээр шийдэв. Энэ тухай олонд түгээхийн сацуу үүнээс хойш Ховдод ирж буй аймгийн түшмэд, харц ард хотод морь унахгүй, хол явгалан, морио хөтөлж явахыг журамлан тушаасугай. Дур мэдэн морь унаж хотод нэвтрэх, хотоос гарахыг хатуу хориглосугай. Журмыг зөрчиж эсэргүүцсэн хэнбугайг ч Лувсантай адилхан ташуурдаж, дөнгөлөн шийтгэх болно” гэжээ".

Зураг дээр: 1890-ээд онд Улиастай хотод суурин сууж худалдаа эрхэлж байсан Ф.Минин, А.Васенёв, И.Игнатьев нар гэр бүлийн хамт. 1890-ээд онд Монголоор олон удаа явсан Оросын угсаатны зүйч Д.Клеменцийн авсан гэрэл зураг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.