Эгч дүү гурав нэг сарын нэг өдөр мэндэлсэн сонин тохиолдол бүртгэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-27
АНУ-д эгч дүү гурав яг нэг сарын нэг өдөр төрсөн нь сонин үйл явдал болжээ. Ихэр биш эгч дүү гурав нэг өдөр төрөх магадлал 48 саяд нэг байдаг аж. Тус улсын Флорида мужид амьдардаг хорь гаруй насны эмэгтэй Саури Тернер энэ сарын 3-ны өдөр гурав дахь охин Жульеттагаа төрүүлжээ. Гэтэл түүний өмнөх хоёр охин Жасмин, Жесика нар нь мөн 2020, 2021 оны есдүгээр сарын 3-нд төрсөн ажээ. Саури болон түүний нөхөр Жереми Тернер нар бага охиноо төрөх мөчид энэ сонин тохиолдлыг ихэд гайхаж, бас бэлэгшээсэн байна. Бага охин Жульеттаг эмч нар есдүгээр сарын 4-нд төрнө гэж байсан боловч тэрбээр нэг өдрийн өмнө буюу эгч нартайгаа нэг өдөр мэндэлсэн байна. Түүнээс илүү гайхалтай нь эгч дүүсийн мэндлэх үеийн жин нь мөн адил 3.4 кг, өндөр нь бас л адилхан 50 см байсан байна. Охидын аав Жереми Тернер “Охидынхоо төрөх өдрийг огтоос төлөвлөөгүй. Эхнэр маань тэр болгонд байгалийн жамаараа төрдөг, бид ямар ч зохицуулалт, мэс засал хийлгээгүй" гээд "Ямартай ч есдүгээр сарын 3-ны өдөр манай гэр бүлийн хувьд аз жаргалын өдөр болсон" гэжээ. Нэг эхийн гурван хүүхэд нэг ижил өдөр төрөх магадлалын талаар Оксфордын их сургуулийн математикийн профессор Рожер Хит-Браун ярихдаа “Эгч дүү, ах дүү гурав нэг өдөр төрсөн байх магадлал 48,627,125-д нэг байна” гэсэн байна. Гэхдээ энэ нь урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл биш бөгөөд Пакистанд нэгэн гэр бүлийн есөн хүн нэг сарын нэг өдөр төрснөөрөө Гиннесийн номонд бичигдэж байжээ. Охидын аав ээж хоёр "Ирэх жилийн төрсөн өдрөөр бид томоохон үдэшлэг хийхээр төлөвлөж байна. Мөн бид хүүхдүүддээ төрсөн өдрийн мэнд яаж хүргэх талаар бодож байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.